Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ОХУ-ын АШТ Назрань хотод хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 57, 86, 125 кг-ын жингийн барилдаанд болж, Дагестаны Заур Угаев, Хойд Осетийн Владислав Валиев, Санкт-Петербургийн Анзор Хизриев нар жин тус бүртээ аваргаллаа.
57 кг-ын жинд Дагестаны Завур Угуев, Артем Гебеков нарын финлдаж, энэ жилээс улсдаа жингийнхээ номер нэг болоод байгаа Угуев 3:1-ээр давамгайлснаар анх удаа улсын аварга боллоо. ОХУ-ын шигшээ багийнхан өөр сонголтгүйгээр Угуев Парисын ДАШТ-д авч явах биз. Дагестан эрчүүдэд хагас шигшээд ялагдсан манайхны эчнээ танил Тувагийн Омак Сюрюн, Якутын Дмитрий Аксенов нар хүрэл медалийн төлөөх барилдаанд мөн дагестанчуудтай тулж торсонгүй. Энэ жингийн гол фаворитуудын нэг Хойд Осетийн Азамат Тускаев хоёрдугаар тойрогт Магомедрасул Идрисовт 2:5-аар ялагдсан. Өнөөх нь шөвгийн наймд Сюрюнд 7:11-ээр дийлджээ.
86 кг-ын жинд 2017 он гарснаас хойш “Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Яшар Догугийн ОУТ, ЕАШТ-д нэг амьсгаагаар түрүүлсэн энэ жинд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай бөх Дагестаны Даурен Куруглиев эхний тойрогт нутгийн Арсенали Мусалалиевт 1:1-ээр ялагдаж, том дуулиан дэгдээлээ. Куруглиевт дагаж барилдах боломж байсан ч түүнийг ялсан Мусалалиев хагас шигшээд Хойд Осетийн Владислав Валиевт 1:2-оор ялагдснаар "байнд ч үгүй банданд ч үгүй" хоцорлоо. 2016 оны Европын аварга Шамиль Кудиямагомедов ДАШТ-ий хүрэл медальт Сослан Кцоев, Европын хошой аварга Анзор Уришев гэсэн хашир туршлагатай бөхчүүдийг ялж, финалд гарч ирсэн. Гэсэн ч тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд залуучуудын дэлхийн болон Европын аварга Владислав Валиевт 1:4-өөр ялагдав. Оросуудын дэлхийд ноёрхдог энэ жинд Абдулрашид Садуллаев нэг олимп, хоёр ДАШТ-д хэнд ч тахимаа өгөөгүй бөгөөд энэ жилээс дээд жиндээ хүч үзэх болсон. Тэгсэн хэдий ч Куруглиев, Валиев, Кудиямагомедов гэсэн торгон ирэн дээрээ байгаа нэгэн үеийн гурван шилдэг залуу 86 кг-д “чихэлдэж” байна. ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагчид хэнийг Парист авч явахаа шийдэх гэж нэлээд толгойгоо гашилгах шинжтэй.
125 кг-д Оросууд олимп, ДАШТ-д өндөр амжилт үзүүлдэг уламжлалтай жин. Гэсэн ч сүүлийн үед Оросын хүнд жингийн бөхчүүд олимп, ДАШТ гэлтгүй тивийн аваргаасаа хоосон ирдэг болоод байна. Хүнд жинд түрүүлэх магадлалтай нэр дэвшигчид болон Хойд Осетийн Алан Хугаев, Буриадын Балдан Цыжипов, Санкт Петербургийн Анзор Хизриев нар нэг хэсэгт багтаж, Хизриев анх удаа улсын аварга боллоо. Буриадын шилдэг бөг Цыжипов шөвгийн наймд Хугаевт 1:2-оор ялагдаж, осет эр хагас шигшээд Хизриев 2:3-аар ялагдав. Хэдийгээр “Монголиа Опен”-д сүүлийн гурван жил дараалан босоо байгаа Цыжипов медальгүй буцсан ч өөр нэг буриад эр Цыбик Максаров хүрэл медаль хүртлээ. Түүнтэй барилдах Хугаев дэвжээнд гараагүй юм.
Хоёр дахь өдрийн дүн
57 кг (27 бөх): 1. Завур Угуев (Дагестан) 2. Артем Гебеков (Дагестан) 3. Омак Сюрюн (Тува), Дмитрий Аксенов (Якут) 5. Рамазан Ферзалиев (Дагестан), Хасанхусейн Бадрудинов (Дагестан)
86 кг (37): 1. Владислав Валиев (Алания) 2. Шамиль Кудиямагомедов (Дагестан) 3. Анзор Уришев (Кабардино-Балкария), Арсенали Мусалалиев (Дагестан) 5. Сослан Кцоев (Алания), Алихан Жабраилов (Дагестан)
125 кг (24): 1. Анзор Хизриев (Санкт-Петербург) 2. Магомедгажи Нурасулов (Дагестан) 3. Адлан Ибрагимов (Чечень), Цыбик Максаров (Буриад) 5. Магомедамин Дибиров (Дагестан), Алан Хугаев (Алания)
Сэтгэгдэл ( 0 )