Булган аймагт 2017 оны 06 дугаар сард Тэшиг, Хутаг-Өндөр, Орхон, Бугат, Сэлэнгэ сумдад ойн түймэр гарч унтраах үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байна.
2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 22 цагийн орчим Булган аймгийн Булган, Бугат, Орхон сумын Халиун, Мааньт багийн нутгаар 22 м/сек, зарим газраар 40 м/сек түүнээс дээш хүчтэй хар салхи салхилж, мөндөр, аадар бороо орж уруйн үер буусны улмаас Орхон, Булган аймгийн чиглэлийн Нарангийн гүүрний орчим өндөр хүчдэлийн 13 тулгуур /77-90 тулгуур шон буюу 11 бетон, 2 анкер/ унаж, Булган аймгийн нийт нутгаар эрчим хүч тасарсан. Орхон сумын Халиун, Мааньт, Булган сумын 40 өрхийн 1320 мал /адуу 6, үхэр 8, хонь 1076, ямаа 230/ аадар бороо, мөндөрт цохиулж, усанд урсаж осгож үхсэн байна. Мөн 23 өрхийн гэр салхинд нурснаас 15 айл орох оронгүй болжээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн засаг даргаар ахлуулсан Онцгой комиссынхон Орхон сумын Халиун, Мааньт багт газар дээр нь шуурхай арга хэмжээ авч, сэргээн босгох талаар холбогдох удирдлагуудад үүрэг өгөн ажиллаж байна. Онцгой комиссын даргын тушаалаар орон гэргүй болсон 2 иргэнд гэр олгосон бол Улаанбаатар хотоос 10 гэр татуулаад байна. Уг салхи, үерийн улмаас 1300 гаруй мал хоргодсоны сэг зэмийг устгаж, халдваргүйжүүлэх ажлыг хийж байна.
Эрчим хүчийг сэргээн засварлах ажилд тус аймгийн Эрчим хүчний салбарын аваар техникийн бүлэг болон Монгол улсын Эрчим хүчний сайд газар дээр нь ирж удирдлагаар ханган Эрдэнэт, Булган, Улаанбаатар, Дархан, Багануур, Хархорин, Өвөрхангай зэрэг 7 салбар компаниудын 120 ажилчид, 20 техниктэйгээр унасан шонгуудыг сэргээн засварлах ажлуудыг хийж байгаа ба Улаанбаатар хотоос шаардлагатай сэлбэг хэрэгслүүд, 5 тулгуур багана зөөвөрлөн авчирснаас 06-р сарын 30-ны байдлаар 1 шонг босгож сэргээн завсарлаад байна. Цахилгаан сэргээх ажлыг 72 цагт амжуулахаар ажиллаж байгаа тухай Булган аймгаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )