Сонгуулийн Ерөнхий Хорооноос хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны дарга оролцож тооллогын талаар мэдээлэл өгөв.
Мэдээллийн эхэнд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэлэхдээ "Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажил сайн хангагдаж, аймаг нийслэл, сум дүүргийн сонгуулийн хороод шахуу төлөвлөгөөтэй хуваарийн дагуу ажиллаж байна. Cаналын хуудас бүрэн хэвлэгдэж дууссан. Аймгуудын саналын хуудсын хүргэлт дууссан. Дүүргүүдийн саналын хуудсын хүргэлт маргааш гэхэд дуусна.
Гадаадад байгаа иргэдийн санал авахад бэлэн болсон. Сонгогчдын бүртгэл болон санал авах техникийн бэлтгэл нөгөөдөр гэхэд бүрэн дуусна. Ажлын хэсгүүд хоёр ээлжээр ажиллаж байна. Бид хуулийн дагуу 14 хоногийн хугацаанд бүх ажлыг хийж дуусгах ёстой. 4,5-ны өдрүүдэд гадаадад байгаа сонгогчдын саналыг авч эхэлнэ. Долоодугаар сарын 6-нд зөөврийн битүүмжилсэн хайрцгийг хүргүүлж санал авна.
Долоодугаар сарын 7-нд үндсэн санал хураалт болно. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Энэ өдөр бүх нийтээрээ амрах тул иргэд сонгогчид санал авах байранд хүрэлцэн ирж саналаа өгөхийг уриалж байна. Мөн өнөөдрийн уузалтаар Баян-Өлгий аймаг дахь санал хураалтын талаар хэлэлцсэн. Дүн мэдээг хуульд заасны дагуу тус аймгийнханд нэн даруй дамжуулахыг үүрэг болгосон" гэлээ.
Үргэлжлүүлэн энэ талаар Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны дарга Д.Аманбек "Намууд болон СЕХ-оос гаргасан хүсэлтүүдийн дагуу Баян-Өлгий аймгийн 89 хэсгийн 47 хэсэгт нь техникийн тооллого хийсэн. Зургаадугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн 47 хэсэгт техникийн тооллого хийх шийдвэр гарсан. Үүний дагуу 29-ний өдөр техникийн тооллого хийсэн.
МАН-аас МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан дөрвөн хүнийг ажиглагчаар оролцуулах албан бичгээ ирүүлсэн. Аймгийн АН, МАХН-аас тооллогын үйл ажиллагаанд ажиглагчаар оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Ингээд зургаадугаар сарын 29,30-ны өдрүүдэд 47 хэсэг дээр техникийн тооллого хийж дуусгасан. Нийт дүнгээр Баян-Өлгий аймагт тооллого хийгдэж ямар нэгэн зөрчил гараагүй гэдгийг мэдэгдэж байна. Мэдээ саатсан хэсгүүд сумын төвөөс алслагдмал, утасны сүлжээ муу, учир мэдээ дамжуулахад удсан шалтгаан бий" гэв.
Б.Алтжин