ДАШТ-ий таван алт, нэг мөнгөн медальт, ЗХУ-ын гавьяат тамирчин Дагестаны алдарт бөх Али Алиевын нэрэмжит ОУТ маргааш Каспийск хотод эхэлнэ. 48 дахь удаагийн уламжлалт тэмцээн ОХУ, Азербайжан, Армен, Казахстан, Беларусь, Монгол, Украин, Бразил, Итали, Македон гэсэн 10 орны баг эрэгтэйчүүдийн найман жинд өрсөлдөнө.
Тэмцээний аваргууд 150 мянган рублийн (монгол мөнгөөр ойролцоогоор 5.5 сая төгрөг) эзэн болно. Түүнчлэн түрүүлсэн бөхийн дасгалжуулагчийг зүгээр өнгөрөөхгүй бөгөөд 50 мянгаар шагнахаар болжээ. Мөнгө, хүрэл медалийн эзэд 100, 50 мянган рубль гардах юм. Эхний өдөр 57, 65, 74, 96, сүүлийн өдөр буюу ням гаригт 61, 70, 86, 125 кг-ын жингийн барилдаан болно.
Италиас дэлхийн аварга Франк Чамизо, дэлхийн аварга Армений Георгий Кетоев, Монголоос ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Мандахнаран, Азербайжанаас олимп, ДАШТ-ий медальт Жабраил Хасанов, Европын аварга Георгий Эдишерашвили, Руслан Дибиргажиев тэргүүтнүүд Оросын шилдгүүдтэй өрсөлдөх нь ээ.