Б.Шоовдор Варшавт үзүүрлэлээ

2017 оны 07 сарын 08

Польшийн нийслэл Варшавт чөлөөт бөхийн Вацлав Циолковскийгийн нэрэмжит эрэгтэйчүүдийн, Польшийн нээлттэй эмэгтэйчүүдийн уламжлалт тэмцээн өчигдөр эхэллээ. Манай улсаас зургаан бүсгүй зодоглож байгаагаас эхний өдөр хоёр нь барилдсан. Үүнд 60 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор мөнгөн медаль хүртэж, 55 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдав.

2014 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт, 2015 оны Иван Ярыгиний “Алтан Гранпри” болон Польшийн нээлттэй тэмцээний аварга ОУХМ Б.Шоовдорын жинд 10 бөх хүч үзэв.

Тэрбээр эхний тойрогт ОХУ-ын Юлия Пронцевичийг 4:1-ээр, шөвгийн наймд Украины София Боднирийг 5:0-ээр, хагас шигшээд Болгарын Мими Христоваг цэвэр ялж аваргын төлөө барилдах эрхтэй болсон.

Харин алтан медалийн төлөө энэ жилийн Азийн АШТ-ний хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсан Зоу Жантинтай дахин учраа таарч, 4:8-аар ялагдснаар мөнгөн медалийн эзэн боллоо.

Энэ жилийн Азийн АШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга ОУХМ Э.Даваачимэгийн жинд 12 бөх барилдсан. Эхний тойрогт 2015 оны ДАШТ-ий хүрэл медальт, ЕАШТ-ий мөнгөн медальт Украины Татьяна Китэд 1:6-гаар ялагдсан юм. Украин бүсгүй шигшээд шалгарснаар манай бөхөд дагах барилдаан гарсан. Дагах барилдаанд Казахстаны Марина Седневаг 9:8-аар ялсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн “Монголиа Опен” ОУТ-д 58 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн ОХУ-ын Вероника Чумиковад 3:4-өөр ялагдав. 

Өнөөдөр дэвжээнд манай улсаас 48 кг-д ОУХМ Э.Нарангэрэл, 75 кг-д ОУХМ Г.Уртнасан нар хүч үзнэ.

 

Top