Үндэсний сурын харвааны шилдгүүд тодорлоо

2017 оны 07 сарын 15

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харвааны шилдгүүд тодорлоо.

Шилдэгт шалгарсан 16 харваачаас энэ жилийн наадмын сурын харвааны түрүүг тодруулсан юм. Үндэсний сурын харваанд эрэгтэй харваачдаас 40 сумнаас 37сум онож түрүүлсэн Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, Хил хамгаалах ерөнхий газрын 208 дугаар анги, “Хилчин” спорт хороо, “Есүйнхэй мэргэн” клубын харваач Монгол Улсын мэргэн Баасанхүүгийн Ёндонд Монгол Улсын “Даян мэргэн” цол, эмэгтэй харваачдаас 40 сумнаас 34 сум онож түрүүлсэн Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 284 дүгээр анги, “ЖЕМ интернэйшнл” ХХК-ийн харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн БатбаярынБаярчимэгтМонгол Улсын “Мэргэн” цол олгов.

Түүнчлэн Үндэсний их баяр баяр наадмын хүүхдийн сурын харваанд Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Жем интернэшнл” багийн харваач Х.Цогтбаяр, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 10а ангийн сурагч А.Даваадулам нар түрүүлсэн юм. Энэ жилийн хүүхдийн сурын харваанд 120, балчир насны ангилалд 20 харваач цэц мэргэнээ сорьжээ.

Хүүхдийн сурын харвааны хөвгүүдийн ангилалд Баян-Өлгийн аймгийн Буянт сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Жем интернэшнл” багийн харваач Хорлоогийн Цогтбаяр 32 сумнаас 30 онож түрүүлсэн бол охидоос Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 10а ангийн сурагч Амартүвшингийн Даваадулам мөн 30 онож, улсын наадамд түрүүлсэн байна. Мөн балчир насны хөвгүүдийн ангилалд Б.Маргад-Эрдэнэ, охидоос Г.Нандинхишиг нар бусдаасаа цэц мэргэнээрээ шалгарчээ. Тэд 5-8 насны харваачид бөгөөд 12-32 метрийн зайд 22 сум тавьсан байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top