Прокурорын жижүүр Б.Болдбаатар ОУХМ цолоор шагнагдав

2017 оны 07 сарын 31

Говь-Алтай аймгийн Прокурорын газрын жижүүр, бичиг хүргэгч Буриадын Болдбаатарын хөнгөн атлетикийн төрөлд оруулсан хувь нэмрийг үнэлж Монгол Улсын Биеийн тамир, спортын газрын даргын тушаалаар Хөнгөн атлетикийн төрөлд Олон улсын хэмжээний мастер цолоор шагнажээ.

Буриадын Болдбаатар нь спортын гараагаа 1984-1987 онд НАХЯ-ын Хүч нийгэмлэгт тамирчин-байлдагчаас эхэлсэн бөгөөд одоог хүртэл спортын салбарт хүчин зүтгэж, залуу үеийг сурган хүмүүжүүлэх, Монгол Улсын хөнгөн атлетикийн төрлийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа ахмад тамирчин юм.

Тэрбээр  ажлын гараагаа 1988-1992 онд аймгийн Биеийн тамир спорт, Эрүүл мэндийн газарт биеийн тамирын арга зүйчээр эхэлж 2004-2006 онд Магнай трейд ХХК-нд харуул, 2006 оноос хойш одоог хүртэл аймгийн Прокурорын газарт жижүүрээр ажиллаж байна.

Б.Болдбаатар нь хөнгөн атлетикийн спортын чиглэлээр 2010-2015 онуудад ахмад мастеруудын хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээнд тогтмол оролцож алтан медаль 4, мөнгөн медаль 3, хүрэл медаль 5-ийг хүртжээ. 2013 онд Япон-Монгол Улсын хамтарсан марафон гүйлтийн тэмцээнээс алт, кросс гүйлтийн тэмцээнээс хүрэл, 2013 оны 09 сард Япон улсын нийслэл Токио хотод зохион байгуулагдсан Азийн алтан мастерууд Киёото-2013 хөнгөн атлетикийн тэмцээний 5000 м зайн уралдаанаас шагналт 5-р байр, 2013 онд Монголын спорт сонирхогч ахмад мастеруудын анхдугаар их наадмаас 3-р байр, 2014 оны Япон улсын Осака хотод зохион байгуулагдсан Азийн мастеруудын аврага шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, 2014, 2015, 2016, 2017 онуудад Найрсаг Улаанбаатар Олон улсын марафон тэмцээнд оролцож тогтмол амжилт үзүүлэн шагналт байранд шалгарч байсан.  

2016 онд Хэт холын 12 цагийн марафон гүйлтийн тэмцээнд 3 дугаар байранд шалгарсан амжилтуудыг гаргасан байна.  Б.Болдбаатар нь Прокурорын байгууллагад ажиллах хугацаандаа 1988 онд Спортын мастер тэмдэг, 2008 онд Улсын Ерөнхий Прокурорын газрын Жуух бичиг, 2009 онд Биеийн тамир спортын Алдар тэмдэг, 2010 онд Прокурорын байгууллагын 80 жилийн ойн хүндэт тэмдэг, 2013 онд Аймгийн Засаг даргын жуух бичгээр, 2015 онд Улсын Ерөнхий прокурорын газрын Жуух бичгээр, 2016 онд Улсын Ерөнхий прокурорын газрын батламжаар тус тус шагнагдсан, Говь-Алтай аймгийн Прокурорын газрын тэргүүний ажилтнуудын нэг юм.

Б.Болдбаатарт Монгол Улсын Прокурорын байгууллагын нийт прокурор, ажилтнуудын өмнөөс халуун баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөр болон тэмцээн уралдаанд нь өндөр амжилтыг, гэр бүлд нь эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top