"Хааны эрэлд" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн үндсэн сургалт, бэлтгэлийн хажуугаар орон орны цэргийн алба хаагчид спортын төрлөөр өрсөлддөг.
Энэ хүрээнд өнгөрсөн өдрүүдэд энхийг сахиулагч дайчдын дунд сагс болон гар бөмбөгийн тэмцээн боллоо.
Сагсан бөмбөгийн төрөлд нэгдүгээр байрт Монгол Улсын Зэвсэгт хүчний долдугаар ээлжийн батальоны нэгдүгээр ротын алба хаагчид шалгарлаа.
Хоёрдугаар байрт, Непал улсын Зэвсэгт хүчний алба хаагчид, гуравдугаар байрт мөн манай Зэвсэгт хүчний долдугаар ээлжийн батальоны хоёрдугаар ротын алба хаагчид шалгарсан юм.
Харин гар бөмбөгийн төрөлд нэгдүгээр байрт мөн адил манай зэвсэгт хүчний долдугаар ээлжийн батальоны нэгдүгээр ротынхон шалгарсан. Хоёрдугаар байрыг АНУ-ын Зэвсэгт хүчний хоёрдугаар ротын алба хаагчид эзлэв. Гуравдугаат дахин манай долдугаар ээлжийн батальоны хоёрдугаар ротын алба хаагчид орлоо.
Тэмцээнд 12 багийн 300 гаруй цэргийн алба хаагчид оролцсон юм. Спортын төрлүүдэд манлайлсан тамирчдад Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын захирагчийн орлогч, "Хааны эрэлд-2017" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн Монгол талын удирдагч, дэд хурандаа Д.Жавхланбаяр баяр хүргэж, медаль, дурсгалын зүйлийг гардуулан өгөв.
Монгол Улсын Зэвсэгт хүчний долдугаар ээлжийн батальоны I, II ротынхон БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын мандаттай "UNMISS" ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр бэлтгэлээ базааж буй юм.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )