Э.Тэмүүлэн, Д.Эрдэнэтулга нар хүрэл медалийн төлөө барилдана

2017 оны 08 сарын 02

“Тампере-2017” залуучуудын ДАШТ-ий хоёр дахь эрэгтэйчүүдийн 55, 66, 84, 120 кг-ын жингийн хэсгийн барилдаан болж өндөрлөлөө. Манай улсаас хоёр бөх өнөөдөр барилдсан бөгөөд 66 кг-ын жинд Роман Димитриевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий мөнгөн медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин спортын мастер Энхтуяагийн Тэмүүлэн, 120 кг-д Хөлөнбуйрын ОУТ-ий хүрэл медальт, “Аварга” сургуулийн тамирчин Даваадоржийн Эрдэнэтулга нар хүрэл медалийн төлөө барилдахаар болоод байна. 

66 кг: Э.Тэмүүлэн тэгшитгэлд Беларусийн Александр Куриштаг 13:2-оор, 1/8 шигшээд Румыний Стефан Команыг 10:0-ээр, тус бүр ялсан ч шөвгийн наймд АНУ-ын Райан Эндрью Декинд 6:7-гоор ялагдав. Тэрбээр эхний үед 6:0-ээр давамгайлсан ч удаах үеийн барилдаанд зургаан оноо алдсанаар ялагдал хүлээлээ. Түүний өрсөлдөгч нь шигшээд шалгарсанаар дагах барилдаан гарч, Украины Александр Рыбалког 13:2-оор ялснаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Амирхоссейн Али Хоссейнитэй хүч үзнэ. 

120 кг: Д.Эрдэнэтулга эхний тойрогт Молдавын Саман Жабраиловыг 4:3-аар, 1/4 шигшээд Армений Ховханнес Магакяныг 5:1-ээр тус тус ялсан ч хагас шигшээд Ираны Рахим Хасанзадехэд 1:3-гаар ялагдав. Ингэснээр тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Туркийн Фейкаллах Актурктэй барилдахаар боллоо. Медалийн төлөөх барилдаан Монголын цагаар 23:00 минутад болно.

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top