Б.Болор-Эрдэнэ залуучуудын ДАШТ-ээс хүрэл медал хүртлээ

2017 оны 08 сарын 04

“Тампере-2017” залуучуудын ДАШТ-ий гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд өсвөр үе, залуучуудын улсын аварга “Алдар” спорт хорооны тамирчин Бат-Оршихын Болор-Эрдэнэ залуучуудын ДАШТ-ий хүрэл медалийн эзэн боллоо.

Тэрбээр Тамперегийн дэвжээнд 1/8 шигшээд залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Узбекистаны Нодира Сабироваг 12:2-оор, шөвгийн наймд Энэтхэгийн Нандини Бажирао Салокег цэвэр ялж, хагас шигшээд өсвөр үе, залуучуудын дэлхийн болон Европын аварга ОХУ-ын Ксения Нежгоровад цэвэр ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн өсвөр үеийн Пан-Америкийн аварга АНУ-ын 17 настай охин Камерон Жайлен Геринийг нэг минутад оноогоор (12:2) цэвэр ялснаар Финландад Монголын багийн гурав дахь хүрэл медалийг авчирлаа. Энэ нь Монголын бөхчүүдийн залуучуудын ДАШТ-ээс 27 дахь хүрэл медаль болж байна.

Энэ жинд ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг 2012 онд Тайландын Паттая хотод болсон тэмцээнд алтан медаль хүртэж, дараа жил нь Софид хүрэл медалиар энгэрээ мялаасан. Мөн Монгол Улсын гавьяат тамирчин Даваасүхийн Отгонцэцэг 2010 онд Будапештийн ДАШТ-д 51 кг-д хүрэл медаль хүртэж байв.
 

Маргааш эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Бат-Очирын Болортуяа Украины Алёна Кремзертэй, 63 кг-д Энхсайханы Дэлгэрмаа Болгарын Юлиана Яневатай, 72 кг-д Бямбадоржийн Цэцэгбаяр Беларусийн Анастасья Зимианковатай 1/8 шигшээ барилдаанд тус тус хүч үзнэ.

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top