Финландын Тампере хотод үргэлжилж буй чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ий сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 48, 55, 63, 72 кг-ын жингийн хэсгийн барилдаан болж өндөрлөлөө. Манай улсаас гурван бөх өнөөдөр зодоглосноос бүгд тэмцээнээ дуусгалаа.
55 кг-ын жинд “Монголиа Опен” ОУТ болон насанд хүрэгчдийн УАШТ-ий хошой хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин Бат-Очирын Болортуяа эхний даваанд өсвөр үеийн дэлхийн хошой аварга, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны Европын аварга Украины Алёна Кремзерт 8:19-өөр ялагдсан. Украины бөх хагас шигшээд энэ жилийн насанд хүрэгчдийн Азийн аварга Японы 18 настай Саэ Нанод оноогоор цэвэр ялагдснаар Б.Болортуяад дагаж барилдах боломжгүй болсон юм.
63 кг-д насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл, өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Энхсайханы Дэлгэрмаа эхний тойрогт 2014 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 2017 оны залуучуудын ЕАШТ-ий хүрэл медальт, Болгарын Юлиана Яневад 5:6-гаар ялагдсан. Уг нь манай бөх 5:4-өөр давамгайлж явсан ч цаг дуусахын өмнө өрсөлдөгчдөө давхар хамуулж хоёр оноо алдснаар гарт байсан ялалтаа тавиад туучихав. Түүний өрсөлдөгч нь шигшээд шалгарсан тул дагах барилдаан гарч, Казахстаны Аяана Темеиртассовад цэвэр ялагдснаар тэмцээнээ өндөрүүллээ. Уг нь түүнийг ялсан бол Польшийн бөхтэй хүрэл медалийн төлөө хүч үзэх боломжтой байв.
72 кг-д залуучуудын Азийн АШТ-ий алт, хүрэл медальт, өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Ерофей Хабаров”-ын ОУТ-ий аварга “Арслан” клубийн тамирчин ОУХМ Бямбадоржийн Цэцэгбаяр 1/8 шигшээд Беларусийн Анастасья Зимианковад 1:6-гаар ялагдсан. Беларусь бүсгүй шөвгийн наймд ОХУ-ын бөхөд ялагдснаар Б.Цэцэгбаярт дагах барилдаан гараагүй.
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл ( 3 )
Unaj bosdog horvoo uzeed baina daa
ялагдаж байж их юм сурдаг юм ийм тэмцээнд ялах ньчухал биш өрсөлдөгчөө судлах өөрийгөө бүрэн харуулахгүй байх ньчухал тэгэж байж хэрэгтэй шаардлагтай цагт ялаж чадна
Дараа ялаарай.