Жил бүрийн 8 дугаар сарын 14-ний өдөр тэмдэглэдэг "Прокурорын албаны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулагддаг "Прокурорын цом” шатрын тэмцээн Улсын Ерөнхий прокурорын газрын Хурлын танхимд болж өндөрлөлөө.
Тэмцээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Дээд шүүх, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Өмгөөлөл, Нотариатын холбоо, Хүний эрхийн үндэсний комисс, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэг байгууллагуудын төлөөлөл болох 56 тамирчин тэмцээнд оролцов.
Тамирчид швейцарь системээр рапид төрлийн 8 өргөөр өрсөлдөв. Шатрын шүүгчээр Улсын шүүгч, олон улсын шатрын холбооны мастер Н.Төвсанаа ажиллалаа. Шатрын тэмцээний нэгдүгээр байрт Хууль сахиулахын их Сургуулийн багш, шатрын спортын мастер Д.Гандуулга, хоёрдугаар байрт Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, шатрын спортын мастер М.Мөнгөнхүү, гуравдугаар байрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Баянхонгор аймаг дахь албаны дарга, хурандаа, шатрын спортын мастер О.Хадбаатар нар шалгарлаа. Тусгай байрт З.Нацаг, Т.Даваадугар, Ц.Нандинцэцэг нар шалгарав. Шагналыг Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай, Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, Прокурорын байгууллагын Биеийн тамир, спортын зөвлөлийн дарга Э.Амарбат, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор, шатрын спортын дэд мастер Т.Баярсайхан нар гардуулж өгөв.
Гурав дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байна. "Прокурорын цом” шатрын тэмцээнийг зохион байгуулснаар хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хуульчид харилцан бие биеээсээ туршлага солилцох, хуульчдын шатрын ур чадварыг дээшлүүлэх, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл ( 0 )