Монголын бөхчүүд Парисыг ”дайлаар” мордлоо

2017 оны 08 сарын 15

Монголын чөлөөт бөхийн тамирчид энэ сарын 21-26-нд Францын нийслэл Парист болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцохоор өнөөдөр өглөө эх орноосоо мордлоо.

Манай эрэгтэй бөхчүүд 1963 онд, эмэгтэй бөхчүүд 2001 онд Болгарын нийслэл Софид болсон ДАШТ-ээс эхлэн мөрөө гаргасан бөгөөд зургаан алт, 18 мөнгө, 30 хүрэл, нийт 54 медалийг эх орондоо авчирсан түүхтэй.

Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн тэмцээнд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, ОУХМ Б.Батзориг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох юм.

Манай бөхчүүдээс гавьяат тамирчин О.Насанбурмаа хамгийн олон удаа буюу ес дэх удаагаа дэлхийн аваргад тоосоо өргөхөөр болж байна. Тэгвэл гавьяат тамирчин Д.Отгонцэцэг долоо, Г.Мандахнаран зургаа, Э.Бэхбаяр, ОУХМ О.Үйтүмэн нар дөрөв, ОУХМ Э.Нарангэрэл, Б.Шоовдор нар гурав, Д.Гомбодорж, Т.Түвшинтулга, А.Батцэцэг нар хоёр дахь удаагаа ДАШТ-д зодоглоно. Харин ОУХМ Н.Лхамгармаа, Н.Золбоо, Ө.Батзул, П.Орхон, Э.Даваачимэг, Г.Уртнасан гэсэн зургаан тамирчин дэлхийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулах юм.

Монголын бөхчүүддээ Парисын дэвжээнээс олон медаль хүртэж, гялалзтал барилдахыг хүсэж захыг нь мушгих үлдлээ.

ДАШТ-Д ХҮЧ ҮЗЭХ МОНГОЛЫН БӨХЧҮҮД
 

Эрэгтэйчүүд

57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр (“Хангарьд” спорт хороо)
61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга (“Аваргууд” академи)
65 кг: Нармандахын Лхамгармаа (“Алдар” спорт хороо)
70 кг: Ганзоригийн Мандахнаран (“Алдар” спорт хороо)
74 кг: Доржваанчигийн Гомбодорж (“Сүлд” спорт хороо)
86 кг: Оргодолын Үйтүмэн (“Алдар” спорт хороо)
97 кг: Өлзийсайханы Батзул (“Хүч” спорт хороо)
125 кг: Нацагсүрэнгийн Золбоо (“Хүч” спорт хороо)

Эмэгтэйчүүд

48 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл (“Хангарьд” спорт хороо)
53 кг: Даваасүхийн Отгонцэцэг (“Хасу-Мегастарс” клуб)
55 кг: Эрхэмбаярын Даваачимэг (“Хилчин” спорт хороо)
58 кг: Алтанцэцэгийн Батцэцэг (“Хасу-Мегастарс” клуб)
60 кг: Баатаржавын Шоовдор (“Хилчин” спорт хороо)
63 кг: Пүрэвдоржийн Орхон (“Алдар” спорт хороо)
69 кг: Очирбатын Насанбурмаа (“Алтай” констракшн)
75 кг: Ган-Очирын Уртнасан (“Хилчин” спорт хороо)

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
B(66.181.190.76) 2017 оны 08 сарын 15

Amjilt husy. Medalitai irn shuu

0  |  0
Бөх сонирхогч(122.201.24.172) 2017 оны 08 сарын 15

Залуучууддаа арвин их амжилт хүсэн ерөөе! Хамгийн гол нь ганц ч хором анхаарал алдаж, биеэ сул тавьж болохгүй. Манай бөхчүүд ер нь нэг секунд хайхрамжгүй хандсаны улмаас хожигдох явдал нилээд байдаг шүү!!! Амжилт!!!

0  |  0
Top