”Үзэсгэлэнт Улаанбаатар” өртөөт марафоны аваргууд тодорлоо

2017 оны 08 сарын 15

"Dawa-2017" цомын нэрэмжит "Үзэсгэлэнт Улаанбаатар" өртөөт марафон гүйлтийн тэмцээн энэ сарын 13-нд болов. Анхдугаар тэмцээнд нийт 675 тамирчин дөрвөн ангилалд өрсөлдлөө.

Тус тэмцээний “А” ангилалд 74 багийн 221 тамирчин өрсөлдсөнөөс М.Энхжаргал ахлагчтай баг тэргүүн байр эзэлсэн юм. Мөн “В” буюу “Гэр бүл” чиглэлд 45 багийн 135 тамирчин уралдахад Д.Тэмүүжин ахлагчтай баг түрүүлсэн бол “С” буюу “Найзууд” чиглэлд 120 багийн 270 гүйгч өрсөлдсөнөөс Б.Батсайхан ахлагчтай баг түрүүлсэн бөгөөд “D” буюу “Сэтгэлд хоногшсон Улаанбаатар” чиглэлд 54 багийн 150 тамирчин уралдсанаас Ш.Батсүх ахлагчтай баг тэргүүн байрт орсон байна.


Тэмцээний чиглэл бүрт эхний гурван байрт орсон баг тамирчдыг “Grand china” компаниас БНХАУ-д аялах эрхийн бичиг гардуулсан юм. Энэ тэмцээнийг ЗГХА, Биеийн тамир, спортын газар зохион байгуулж, БНХАУ-ын “Grand china” компани, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийтийн биеийн тамир, спортын хороо хамтран ажиллав.

"Үзэсгэлэнт Улаанбаатар" өртөөт марафон нь Монголд анх удаа болж байгаа бөгөөд цаашид уламжлал болгон зохион байгуулах юм байна. Тэмцээний нээлтийн ёслолд БСШУСЯ-ны сайд Г.Чулуунбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хай Мин, ЗГХА, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. Мөн энэ үеэр тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч “Grand china” компаны гүйцэтгэх захирал Х.Дэви Монголын сагсан бөмбөгийн холбоонд 40 ширхэг сагсан бөмбөгийн шийт бэлэглэсэн юм.



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top