Д.Отгонцэцэг, Б.Шоовдор нар хүнд сугалаа татав

2017 оны 08 сарын 24

“Парис-2017” ДАШТ-ий маргааш барилдах чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 48, 53, 60, 69 кг-д хүч үзэх манай бөхчүүд хэрхэн сугалаа татсаныг хүргэе.
 

48 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Эрдэнэсүхийн Нарангэрэл Нидерландын Жессика Блашкатай оноолт таарлаа. Түүнийг аргалбал БНХАУ-ын Лиуин Кин, Туркийн Эрин Демирхан нарын ялсантай барилдана. Энэ жингийн гол фаварит Японы Юү Сүсаки, АНУ-ын Виктория Энтони, Украины Оксана Ливач нар нөгөө зоонд оржээ. 

53 кг: Үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Даваасүхийн Отгонцэцэг нэлээд хүндхэн сугалаа татжээ. Тэрбээр эхний тойрогт Нина Хеммертэй хүч үзэн бөгөөд түүнийг ялбал 2012 оны дэлхийн аварга Канадын Жессика Макдональд, энэ жилийн Оросын аварга буриад бүсгүй Сталвира Оршуш нарын ялсан нь хүлээж байна. Хэрэв дахин ялбал шөвгийн наймд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Японы Маю Мүкайдатай хүч үзэх магадлалтай.

60 кг-д үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор эхлээд гоц мөргөсөн бөгөөд “Рио-2016” олимпийн аварга Рисако Кавай, энэ жилийн Европын аварга ОХУ-ын Любовь Овчарова нарын ялсантай хүч үзэхээр болжээ.

69 кг: “Алтай” констракшны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа тэгшитгэлд Киргизстаны Меерим Жуманазароватай хүч үзэхээр боллоо. Хэрэв түүнийг ялбал БНСУ, Энэтхэгийн бөхчүүдийн ялсантай барилдана.

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

 


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
рогш(202.70.46.229) 2017 оны 08 сарын 24

Отгонцэцэгээ алаад ог

0  |  0
Зочин(66.181.165.212) 2017 оны 08 сарын 24

Аваргуудыг ялж аварга болно шүү дээ. түүнээс биш хүрэл медаль горилж очоогүй л байх

0  |  0
Top