О.Насанбурмаа шөвгийн наймд шалгарлаа

2017 оны 08 сарын 24

“Парис-2017” ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 48, 53, 60, 69 кг жингийн барилдаан өнөөдөр боллоо.

69 кг-д эхний даваанд энэ жилийн залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Киргизстаны Меерим Жуманазароваг 4:1-ээр ялаад байсан Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа дөнгөж сая 1/8 шигшээ барилдаанаа Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Энэтхэгийн Навжот Кауртай хийв.

Тус барилдаанд О.Насанбурмаа өрсөлдөгчөө 10:5-аар яллаа. Тэрбээр шөвгийн наймд ДАШТ-ий алт, хүрэл медальт Германы Алине Фокентэй барилдана. Түүний өрсөлдөгч нь 1/8 шигшээд манай гавьяатыг өмнө хоёр удаа ялж байсан Риогийн олимпийн хүрэл медальт Казахстаны Эльмира Сыздыковаг ялжээ.

Харин манай 48, 53, 60 жинд хүч үзсэн тамирчид өрсөлдөгчдөдөө ялагдав.

Тодруулбал, 48 кг-ын жинд өрсөлдсөн “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Эрдэнэсүхийн Нарангэрэл эхний тойрогт 2015 оны Лас-Вегасын ДАШТ-ий хүрэл медальт Нидерландын Жессика Франциска Блашкад 4:12-оор ялагдлаа.

53 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн алт, мөнгө, хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Даваасүхийн Отгонцэцэг хоёр дахь барилдаанаа залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, энэ жилийн Оросын аварга буриадын Сталвира Оршушт оноогоор цэвэр (0:10) хожигдов.

60 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга, Польшийн нээлттэй тэмцээний алт, мөнгөн медальт “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор эхний тойрогт гоц мөргөөд байсан. Тэгвэл хоёрдугаар тойргийн барилдаанаа “Рио-2016” олимпийн наадмын аварга Японы Рисако Кавайтай хийсэн. Б.Шоовдор олимпийн аваргатай зоримог, шийдэмгий барилдсан ч 2:6-гаар ялагдлаа. Япон бүсгүй шигшээд шалгарвал манай бөхөд дагах барилдаан гарна.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top