Э.Бэхбаяр ДАШТ-ий хос хүрэл медальтан боллоо

2017 оны 08 сарын 26

"Парис-2017” бөхийн төрлүүдийн ДАШТ маргааш өндөрлөнө. Өчигдөр эрэгтэйчүүдийн барилдаан эхэлж, манай тамирчин Э.Бэхбаяр 57 кг-д, ОУХМ Т.Түвшинтулга 61 кг-д, О.Үйтүмэн 86 кг-д, Н.Золбоо 125 кг-д тус тус хүч үзлээ.

Энэ өдөр Үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр Парисын дэвжээнд хүрэл медаль энгэртээ зүүлээ. Тэрбээр ийнхүү ДАШТ-ий хошой хүрэл медальтан болж, өөрийн анхны багш, Монгол Улсын гавьяат тамирчин Авирмэдийн Энхээ багшийнхаа амжилтанд хүрлээ.

Э.Бэхбаяр эхний тойрогт энэ жилийн Азийн АШТ-д манай ОУХМ З.Занабазарт ялагдсан Киргизстаны Улукбек Жолдошбековыг оноогоор (12:0) цэвэр, 1/8 шигшээд залуучуудын ДАШТ болон 23 хүртэлх насны Европын аварга Туркийн Сулейман Атлиг 7:0-ээр тус тус ялсан. Гэвч шөвгийн наймд энэ жилийн Азийн аварга Японы Юки Такахашид 4:4-өөр буюу онооны чанараар ялагдсан юм.

Ийнхүү Э.Бэхбаяр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн 16 дахь, эрэгтэйчүүдээс 10 дахь тамирчин болж байна.

Тэрбээр өмнө нь 2015 оны Лас Вегасын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, залуучуудын дэлхийн аварга, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хүрэл, Бакугийн “Алтан Гранпри”-гийн мөнгө, Александр Медведийн нэрэмжит ОУТ-ий хүрэл медальт, Германы Гранпри, Испанийн Гранпри, Дан Колов, Дмитрий Коркин, Динмухамед Кунаевийн нэрэмжит ОУТ-ий аварга, “Mongolia Open” ОУТ-ий гурав, Монгол Улсын дөрвөн удаагийн аварга болсон бахдам амжилтын эзэн юм.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top