“Парис-2017” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий тав дахь өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 61, 86, 125 кг-ын жингийн барилдаан олон сонирхолтой, өрсөлдөөнтэй боллоо. Энэ өдөр зодоглосон манай бөхчүүдээс 57 кг-ын жинд гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр ДАШТ-ий хүрэл медалиа ихэрлүүлсэн бол ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо тав, Түмэнбилэгийн Түвшинтулга 15, Оргодолын Үйтүмэн 21 дүгээр байрыг эзлэв.
Эрэгтэйчүүдийн 57 кг-д Японы Юки Такахаши түрүүлсэн. Такахаши Японы эрэгтэй бөхчүүдийн ДАШТ-д 36 жил тасраад байсан алтан медалийг авчирлаа. Хамгийн сүүлд хуучнаар Югославын Скопед болсон ДАШТ-д Тошио Асакүра 52 кг-д түрүүлж байв.
61 кг-д Азербайжаны Гажи Алиев дэлхийн аваргад гурав дахь удаагаа түрүүллээ. Тэрбээр шигшээ барилдаанд олимп, дэлхийн аварга Гүржийн Владимир Хинчегашвили, өнгөрсөн жилийн дэлхийн аварга АНУ-ын Логан Стейбер, Европын гурван удаагийн аварга Туркийн Чингисхан Эрдоган гэсэн жингийнхээ ихэнх гол өрсөлдөгчдийг ээлж дараалан ялсан ОХУ-ын 22 настай дагестан залуу Гажимурад Рашидовыг цэвэр дарсан. Энэ жинд Кубын хашир туршлагатай бөх Йовлес Бонне, олимп дэлхийн аварга Хинчегашвили нар туршлага заан хүрэл медаль зүүцгээлээ.
86 кг-д “Рио-2016” олимпийн наадмын аварга Ираны Хассан Язданигийн эрин үе ирж байгаагаа зарлаж, олимпийн алтаа дэлхийнхтэй ихэрлүүллээ. Иран эр хагас шигшээд ОХУ-ын Владислав Валиевыг 4:0-ээр ялсныг эс тооцвол үлдсэн дөрвөн өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялсан юм. Энэ жинд хэний ч таамаглаагүй Словакын осет залуу Борис Макоев мөнгөн медаль зүүсэн бол АНУ-ын Жейден Кокс олимпийн хүрлээ дэлхийнхтэй ихэрлүүлж, Хойд Осетийн өөр нэгэн залуу Валиев хүрэл медаль хүртэв.
125 кг-д “Рио-2016” олимпийн наадам, дэлхийн хошой, Европын таван удаагийн аварга Туркийн Таха Акгулийн ноёрхлыг гүрж залуу Гено Петриашвили зогсоож, дэлхийн аварга боллоо. Тэдний шигшээ барилдаан хөнгөн жингийнхэн шиг жинхэнэ "классик" барилдаан үзүүлсэн бөгөөд Петриашвили 10:8-аар ялсан. Ер нь хүнд жинд турк, гүрж залуус ойрын хэдэн жилдээ өрсөлдөх болов уу. Армений Леван Берианизе долоон жилийн дараа ДАШТ-ий хүрэл медалиа ихэрлүүлж, америк залуу Гвяздовски анх удаа дэлхийн аваргад зодоглож хүрэл медальтай нутаг буцлаа.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЭХНИЙ ӨДРИЙН ДҮН:
57 кг (29 бөх): 1. Юки Такахаши (Япон) 2. Томас Гилман (АНУ) 3. Эрдэнэбатын Бэхбаяр (Монгол), Андрей Яценко (Украин)
61 кг (31): 1. Гажи Алиев (Азербайжан) 2. Гажимурад Рашидов (ОХУ) 3. Йовлес Бонне (Куба), Владимир Хинчегашвили (Гүрж)
86 кг (34): Хасан Яздани (Иран) 2. Борис Макоев (Словак) 3. Жейден Кокс (АНУ), Владислав Валиев (ОХУ)
125 кг (25): 1. Гено Петриашвили (Гүрж) 2. Таха Акгуль (Турк)3. Ник Гвяздовски (АНУ), Леван Берианизе (Армен)
Сэтгэгдэл ( 0 )