Дэлхийн хос медальтан Ганбаатарын Болдбаатар
Унгарын Будапешт хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ-нд Гавьяат тамирчин Болдбаатар эхний тойрогт Туркийн Бекир Озлуг, дараа нь Францын Уалид Кярыг, улмаар Японы Рюжү Нагаямаг хожсон ч хэсгийн аваргын төлөө Узбекистаны Диёрбек Урозбоевт дийлдсэн. Узбек эр энэ жинд түрүүлэх магадлалтай Гүржийн Амиран Папинашвилиг ялснаар дуулиан тарьсан юм. Болдоо гавьяат дагах барилдаанд олимпын мөнгө, дэлхийн аварга Казахстаны Елдос Сметовтой барилдсан. Тэд өмнө нь хоёр таарч, бие биенээ тус бүр нэг ялсан удаатай. Тэгвэл энэ удаа манай аварга ялж, хүрлийн төлөө барилдах эрхтэй болсон билээ.
Хүрлийн төлөө манай тамирчинг Чехийн Павел Петриков хүлээж байв. Тэд бас эн тэнцүү барилдсан ч цагийн төгсгөлд туршлагаар илүүрхэж, вазари үнэлгээ авснаар дэлхийн хошой медальтан боллоо.
Дэлхийн хос медальтан Мөнхбатын Уранцэцэг
Эмэгтэйчүүдийн 48 кг-д Мөнхбатын Уранцэцэг мөнгөн медаль хүртэж, дэлхийн хос медальтай анхны эмэгтэй жүдоч, бас ДАШТ-д хамгийн өндөр амжилт үзүүлсэн монгол жүдоч боллоо. Манай эмэгтэй жүдочдын анхны медалийг Хишигбатын Эрдэнэт-Од гавьяат 2005 онд авчирснаас хойш 2010 онд Мөнхбаатарын Бундмаа хүрэл, 2013 онд Мөнхбатын Уранцэцэг алт, 2015 онд Доржсүрэнгийн Сумъяа, Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа нар хүрэл медалийн болзол хангаж байв. Харин дэлхийгээс хос медалийг ганц тамирчин авчирсан түүхтэй. Тодруулбал, анхны хос медальтны эзнээр Хашбаатарын Цагаанбаатар тодорч, Роттердамаас алт, Токиогоос хүрэл авч байв.
Ингээд дэлхийн хошой медальт, Мөнхбатын Уранцэцэгийн алтын төлөөх барилдааныг үзнэ үү.
Олимп, дэлхийн хос медальтан Галбадрахын Отгонцэцэг
Унгарын Будапешт хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ-ний эмэгтэйчүүдийн 48 кг-д хүрэл медалийн төлөө Казахстаны нэр дээр барилдаж буй Монгол жүдоч Галбадрахын Отгонцэцэг ОХУ-ын тамирчин Ирина Долговаг ялснаар олимп, дэлхийн хос медальтан боллоо. Тэрбээр мөнгөн медалийн төлөө Японы бөх Фүма Тонакид дийлдсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Миний монголын ард түмэн сайхан харагдаж байна.