Ховд аймгийн шүүхийн түүхт 90 жилийн ойг Ховд аймгийн төвд 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
1926 оны эхний хагаст хошуудын ардын хурлыг зарлан хуралдуулж, 71 хошуунд ардын шүүхийг сонгон байгуулсан бөгөөд манай улсын анхны 5 аймгийн шүүхийн нэг болох "Чандмань уул аймгийн шүүх” байгуулагдсанаар Ховд аймгийн шүүхийн анхны суурь тавигдсан түүхтэй. Түүхийн хуудаснаас үзэхэд,Монгол Улсын Засгийн газрын гишүүдийн 1926 оныдөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 15 дугаар, Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн 21 дүгээр хурлаас "Аливаа шүүн таслах газруудыг шинэчлэн байгуулах тухай дүрэм”-ийг баталж 5 аймаг, 3 хот, 71 хошуунд анхан шатны шүүхийг байгуулах тухай шийдвэр гарчээ. Энэхүү дүрмийн үндсэн дээр 1927 оны 01 дугаар сарын 03-ны өдөр тэр үеийн Чандмань уулын (одоогийн Ховд) аймагт ардын шүүх байгуулагджээ.
Ховд аймгийн шүүхийн 90 жилийн ойн арга хэмжээнд урилгаар Улаанбаатар, Сэлэнгэ, Увс, Баян-Өлгий, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх, Ховд аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, аймгийн хууль хяналтын байгууллагын удирдлагууд, төлөөлөгчид болон Ховд аймгийн шүүх, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, үе үеийн ахмадууд оролцлоо.
Хүндэт зочид төлөөлөгчид шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, 90 жилийн ойн түүхийг өгүүлсэн гэрэл зургийн цомог, түүхэн баримт, материал, ажиллах орчинг үзэж сонирхсоноор ёслолын үйл ажиллагаа эхлэв.
Ховд аймгийн шүүхийн түүхт 90 жилийн ойд зориулан бүтээсэн "СУДАРЛАН БҮТЭЭСЭН 90 ЖИЛ” түүхэн ном, Ховд аймгийн давж заалдах шатны шүүхийн ахмад шүүгч Төмөрийн Өнөрийн шүүхэд ажиллаж байсан үеийн дурсамж, дурдатгалыг өгүүлсэн "Тэнгэрлэг оршихуй” номын нээлт энэ үеэр тохиосон юм. Эдгээр номыг эмхэтгэн хэвлүүлсэн Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Дашнямын Даваасүрэн, ахмад шүүгч Төмөрийн Өнөр нар тус бүр номын танилцуулгыг хийж, шинэхэн хос номын дээжээс анхны уншигчиддаа өргөн барилаа.
Түүхт ойн ёслол Ховд аймгийн төв талбай Ойрад Монголын их хаан, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч Галданбошигт хааны болон эрх чөлөөний төлөө тууштай тэмцэгч Ард Аюушийн хөшөөнд зочид төлөөлөгчид, шүүхийн ахмад, дунд, залуу үеийнхэн цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ зохион байгуулагдаж, их ой их түүхэндээ мэхийн ёслосноор үргэлжлэв.
Ардын жүжигчин Жанцангийн Чулууны нэрэмжит "Алтан гадас” одонт Ховд аймгийн Хөгжимт драмын театрт Ховд аймгийн шүүхийн 90 жилийн ойд зориулсан Баярын хурал 14.00 цагт эхэллээ.
Шүүхийн Ерөнхий зөвлөлийг төлөөлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан 2017.08.18-ны өдөр Ховд аймагт хүрэлцэн ирж, баярын мэндчилгээ дэвшүүлж, шүүгч ажилтнуудад төрийн дээд одон болон ШЕЗ-ийн шагналаар шагнаж, шүүхийн үйл ажиллагаатай танилцан, шүүгч, ажилтнуудтай ажил хэргийн уулзалт зохион байгуулсан билээ.
Баярын хурлыг Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн баярын хурлыг нээсний дараа Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Нямжавын Туяа ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, "Ховд аймгийн шүүх-90 жилд” баярын хурлын илтгэлийг тавьж, шүүхийн түүх, үе үеийн ахмадуудын бүтээсэн гавъяа, түүхэн цаг үеийн өрнүүлсэн ажил, намтар, шүүхийн хөгжлийн үе шатуудын талаар илтгэлдээ дурьдаж, шүүхийн хамт олон 90 жилийнхээ ойг угтан, 2017 оны 1 дүгээр сараас үндсэн болон дэд ажлын хэсгүүд байгуулан, иргэд, олон нийтэд чиглэсэн, шүүхийн үйлчилгээний чанарыг сайжруулах, ажиллах орчны чиглэлээр нийтдээ 60 орчим ажлыг үе шаттайгаар зохион байгуулснаа дурьдаж, цаашдын амжилтын ерөөл дэвшүүллээ.
Ховд аймгийн шүүхийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан, Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн ойн баярын мэндчилгээг мөн уламжлав.
УИХ, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, Дотоод хэргийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн О.Батнасан нарын шүүхийн шүүгч ажилтнуудад хандан ирүүлсэн ойн баярын мэндчилгээ болон Ховд аймгийн шүүхэд ажиллаж байсан шүүгч, шүүхийн ажилтнуудын ирүүлсэн мэндчилгээг баярын хуралд оролцогчдод уншин сонсголоо.
Ховд аймгийн шүүхийн дарга, Ерөнхий шүүгчээр 20 гаруй жил ажилласан Доржийн Тайванхүү баярын хуралд оролцогчдод хандан, баяр хүргэж, үг хэллээ.
Ховд аймгийн шүүхийн дэргэдэх шүүхийн ахмадын байгууллагын тэргүүн, шүүхийн ахмад ажилтан Н.Мөнхбат шүүхийн ахмадуудаа төлөөлөн мэндчилгээ дэвшүүлж, дурсгалын зүйл гардууллаа.
Ховд аймгийн шүүхийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан шүүгч, ажилтнууд 2016-2017 онд төр засгийн болон салбарын шагналуудаар шагнагдсан юм.
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Бэгзийн Дамба, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Дэлэгдоржийн Алимаа нар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Нямжавын Туяа, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Гомбосүрэнгийн Сонинболор, Ховд аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Тумагийн Цэцэгмаа нар Алтан гадас одонгоор, Ховд аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ш.Далхаасүрэн Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдаж, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн байна.
Улсын Дээд шүүхийн "Хүндэт тэмдэг”-ээр Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Гомбосүрэнгийн Сонинболор, Улсын Дээд шүүхийн "Жуух бичиг”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Хүндэт тэмдэг”-ээр Ховд аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Х.Мөнхзаяа, Монголын Шүүгчдийн Холбооны "Өргөмжлөл”-өөр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Бэгзийн Дамба, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Цэрэнгийн Энхжаргал, Шүүхийн ажилтны нэгдсэн холбооны "Өргөмжлөл”-өөр Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын бичиг хүргэгч Д.Энхбаяр, "Төрийн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгээр Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Дэлэгдоржийн Алимаа, "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шүүхийн ахмад ажилтан Н.Мөнхбат, Ховд аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Б.Гантөгс, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн, Ховд аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ш.Далхаасүрэн, Ховд аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баясгалан нар, Хууль зүй, дотоод хэргийн яамны "Жуух бичиг”-ээр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Бүжинлхам нар тус тус шагнагдаж, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн юм.
Баярын хурлын дараа Ховд аймгийн шүүх, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, шүүхийн ахмад ажилтнуудын хамтарсан "Баярын концерт” үргэлжлэв.
Баярын концерт үзэгчдийн нижигнэсэн алга ташилтаар мялаалгаж, шүүгч, ажилтнууд олон ястан үндэстний бүжиг, наадам, биелгээ, дуу хуур, ардын болон орчин үеийн урлагийн цомирлогоор тоглолтыг чимсэн нь ойн баярын бас нэгэн онцлог үйл явдал байв.
Сударлан бүтээсэн 90 жилийн түүхэн ойн баяраа Ховд аймгийн шүүхийн хамт олон өргөн дэлгэр тэмдэглэж, 2017 оны туршид зохион байгуулж, бүтээсэн үйлстэй, үлдээсэн баялагтай, мэдлэг, чадвар, урам зориг нэмсэн үр дүнтэй, Ховд аймгийн олон ястан, үндэстэндээ шүүхийн шүүн таслах ажлын чанар нь дээшилсэн, үйлчилгээ нь өргөжсөн орчин үеийн орон нутгийн шүүх болон хөгжсөн амжилттайгаар тэмдэглэн өнгөрүүллээ.
Чандмань уул аймгаас галаа асаасан Ховд аймгийн шүүхийн ажил нь өрнүүн, үйлс нь дэлгэр, шүүхийн хамт олны хийж бүтээх хүсэл тэмүүлэл дүүрэн, түмэн олны минь итгэл, сэтгэл тэнэгэр байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
ТЭМДЭГЛЭЛИЙГ БИЧСЭН:
Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга, МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч, сэтгүүлч Гоовоо овогт Дашнямын Даваасүрэн
2017.08.26-ны өдөр Ховд хот.
Сэтгэгдэл ( 0 )