Унгарын нийслэл Будапешт хотноо болж буй жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 57 кг-ын жинд Монгол Улсын гавъяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа алтан медаль хүртлээ. Тэрбээр аваргын алтан медалийн төлөө Японы бөх Цүкаса Ёшидатай барилдаж ялснаар эх орондоо дэлхийн аваргын алтан медалийг авчирлаа. Гавьяат тамирчин Д.Сумъяа жүдо бөхийн төрөлд Монгол Улсаас төрсөн дөрөв дэх дэлхийн аварга боллоо. Монгол Улсаас Х.Цагаанбаатар, М.Уранцэцэг, Г.Болдбаатар нар өмнө нь дэлхийн аварга болж олон түмнээ баярлуулж байсан юм.
Тэрбээр олимп, дэлхийн хос медальтан болж байна. Доржсүрэнгийн Сумъяа 1991 онд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. Жүдо барилдааны 57 кг жингийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, 2015 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпийн мөнгөн медалийн эзэн юм.
Мөн эрэгтэйчүүдийн Дэлхийн аваргад -73кг жинд зодоглосон Г.Одбаяр хүрэл медал хүртлээ. Манай улс энэ удаагийн ДАШТ-с нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байна.
Т.Түвшин
ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )