Марко Матерацци: “Би З.Зиданд юу гэж хэлсэн бэ” ном надад бага зэрэг л ашиг авчирсан

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 01

Италийн алдарт хамгаалагч Марко Матерацци sports.ru сайтад ярилцлага өгснийг хүргэе. Сэтгүүлч түүнтэй Шина Арбатын гудамжинд орших нийтлэг кафед яриа өрнүүлжээ.  

 

-Таныг Орост яах гэж ирснийг бүгд мэдэж байгаа. Тэгэхээр та тэдэнтэй юу ярилцав даа?

-Юу ч яриагүй ээ. “Анжи”-гийнхантай танилцсан, тэгээд л боллоо. Тэд асуудалд маш нухацтай хандаж байгааг ойлголоо, бас урьсан явдалд нь талархал илэрхийлэхийг хүсч байна. Гэхдээ энэ удаа тэд санал тавьсангүй, тийм болохоор ямар ч шийдвэр гарсангүй. Санал тавих юм бол судалж үзэх болно.

-Таны зодог тайлсан явдал олон хүнд ойлгомжгүй байгаа. Та үргэлжлүүлэн тоглохгүй гэж үү?

-Үгүй ээ, зодог тайлсан. Цаашдаа юу болох нь вэ, харж л байя.

-Та Москвад гурав хонолоо. Жирийн бус, онцгой содон учралууд тохиолдов уу?

-Нэг ресторанд таарсан итали тогооч “Та миний хувьд Ромын пап л гэсэн үг” гэж хэлсэн. Тэр хэтрүүлсэн гэдэг нь ойлгомжтой, гэхдээ л сэтгэл хөдөлдөг юм билээ. Москва намайг яг л гэр бүлийнхээ нэг гишүүн шиг угтаж авсан. Лхагва гарагт үндэсний телевизийн нэвтрүүлэгт орсон нь надад маш гайхалтай санагдсан. “Анжи”-гийн Ерөнхийлөгч Сулейман Керимовтой уулзсанаа бас мартахгүй. Маш энгийн, яриа хүн байна лээ. Түүнийг тоглолтын дараа багийнхантайгаа ярьж байхыг сонссон. Чухал тоглолтод хожигдсон тэдэнтэй С.Керимов эзэн шиг биш, эцэг шиг нь л харьцаж байсан шүү.

-Тантай хамт тоглодог байсан Лусиу саяхан хаалгач Стекеленбургийг гэмтээсэн. Танд ийм зүйл тохиолдож байсан уу?

-Би гэмтээж байсан тохиолдол байхгүй ээ. Надтай мөргөлдсөн нь бол бий. Нэг удаа тоглогчтой мөргөлдсөнөөсөө болоод ой санамжаа алдаж байсан. Хэзээ гэдгийг нь мартжээ. Лука Тони бас намайг хамаг хүчээрээ мөргөж л байсан. Гэхдээ тэр биний найз болохоор бүх юм зүгээр өнгөрсөн л дөө. Бас Унгарт тоглож байгаад венийн судсаа гэмтээж хагас литр цус алдаж, хоёр сар гаруй тоглолтод орж чадахгүй болж байсан юм байна.

 

-Оросын телевизийн хөтлөгч танаас “Моника Белуччи, Анжелина Жоли хоёрын хэнийг нь сонгох вэ” гэж асуухад “Эхнэрээ сонгоно” гэж хариулсан. Яагаад асуултаас өөрөөр хариулсан юм бэ. Эхнэр чинь энэ нэвтрүүлгийг үзэхгүй шүү дээ?

-Яагаад гэвэл хүн мэдэрч байгаагаа л ярьдаг шүү дээ. Би тэгж л хандсан.

-Тэгвэл эхнэрийнхээ талаар ярьж өгөөч. Юу нь тийм хөөрхөн юм бэ?

-Амьдралын минь сайн, сар бүх л үед дэргэд минь байсан. Шийдвэрлэх тоглолтод 11 метрийн цохилт алдахад ч, тоглож чадахгүй үймэрч байхад ч адилхан. Би их бага байхдаа ээжийгээ алдсан юм л даа. Тэгээд би миний хүүхэд насанд дутаж байсан яг тэр хайр халамжийг эхнэрээсээ мэдэрсэн юм. Бид 1995 онд Пуружад танилцсан. Тэрний маань эцэг диско клубийн эзэн байсан юм.  

-Сицилид эмэгтэй хүнтэй яаж танилцдагийг “Загалмайлсан эцэг” киноноос үзсэн. Перужад яадаг юм бол?

-Анхаа. Би гэрт нь очоод гэр бүлийнхнийг нь бүгдийг нь алж, тэгээд хайртыгаа хулгайлаад.../инээснээ/ Тоглосон юм аа. Хадмууд маань маш залуухан хүмүүс байдаг. Эхнэр маань аавынхаа 18, ээжийнхээ 15 насан дээр мэндэлсэн гэдэг. Тийм болоод ч тэр үү, хадам ээж маань ээж гэхээсээ илүү эгч шиг минь л санагдаж байсан юм. 33 настай байсан хэрэг шүү дээ. Бид одоо ч хамтдаа зугаалдаг. Хүүхдүүд маань өвөөгийнхөө клубт бүжиглэхээр байнга очдог, тэд хамтдаа амрахаар явж гэмээ нь  би сэтгэл тайван байдаг.

-Таны бие яг л сургуулийн жаахан хүү шиг эрээн мяраан өнгөтэй байх юм. Анхны шивээсээ хийлгэхдээ хэдэн настай байсныг тань сонирхож болох уу?

-18. Гар дээрээ “М” үсэг шивж байлаа. “М” гэдэг нь Марко гэж байгаа юм.

-Өөрөөс тань их шивээстэй хөлбөмбөгчтэй учирч байв уу?

-Нэг их анзаарч байгаагүй юм байна. Гэхдээ шивээстэй хүнийг хараад бие дээр маань шинэ шивээс хийх газар бараг үлдээгүй, харин түүнд байна даа л гэж боддог. Би нэг удаагийн ярилцлагадаа “Түүнд ямар их сул талбай байна вэ. Түүнд хичнээн урлагийн бүтээл шивж болох билээ” гэж боддог гэж хэлж байсан даа. Яг л ингэж боддог юм.     

-“Би Зиданд юу гэж хэлсэн бэ” ном чинь танд ашиг авчирсан уу?

-Бага зэрэг л. Тийм ч их биш ээ. Би яагаад тэр номыг бичсэн гэж бодож байна. Гурван жилийн өмнө болсон явдлыг тайлбарлах хэрэгтэй гэж л бодсон юм. 2004-2005 онд бичсэн бол ном миний намтрыг л багтаах байлаа. Гэтэл дараа нь чухал хоёр үйл явдал нэмэгдсэн. Нэг нь дэлхийн аварга болсон, нөгөө нь Зидантай болсон хэрэг... Номд миний бүх л амьдрал багтсан болохоор нулимсыг минь асгаруулдаг. Би номоо одоо болтол дахин дахин уншдаг.

-Таны хүүхдүүд “ДАШТ 2006”-ий шигшээ тоглолтыг үзсэн болов уу?

-Тэд цэнгэлдэхэд байсан. Гэхдээ тэд яг яаж байсныг мэдэхгүй юм. Берлиний цэнгэлдэх их том шүү дээ. Тэд давталтыг хараад бүгдийг ойлгоон байх. Надаас нэг ч асуулт асуугаагүй.

-Хэдэн жилийн дараа та З.Зидантай таарсан л байж таарна. Яг хаана хэзээ энэ уулзалт болсон бэ?

-Цэвэр тохиолдлын хэрэг болсон. Өнгөрсөн жил Жозе Моуриньо “Реал”-тайгаа “Аваргуудын лиг”-ийн хүрээнд “Милан”-тай тоглохоор ирсэн юм. Би түүнтэй уулзахаар зочид буудалд нь очтол цэцэрлэгт хүрээлэнд З.Зидан явж байхыг хараад очиж гарт нь хүрсэн юм. Тэр намайг таньсан нь мэдээж. Оройн хоолны үеэр хүмүүс түүнээс “та Матераццитай уулзсан уу” гэж асуухад “Би зүгээр л нэг хөгжөөн дэмжигч байх гэж бодсон” гэж хэлж байсан юм. Гэхдээ дараа нь тааралдахдаа би бас л түүнтэй гар барьсан. Бидний хооронд ямар ч асуудал байхгүй.

-Гэхдээ та нэгэнтээ “З.Зидан биш Э.Кантонатай ийм явдал тохиолдсон бол орой нь бааранд сууж пиво уугаад бүхнийг цайруулах байсан юм” гэж ярьсан байна лээ?

-Э.Кантона үргэлж л миний шүтээн байсан. Саяхан би түүнтэй уулзаж зургаа авахуулсан ь миний хувьд нэр төрийн хэрэг байсан юм. Саяхан тэр нэг кинонд тоглосон бөгөөд тэр киноны продюссерууд нь надаас баахан юм асуух хэрэгтэй байсан юм. Тэгээд би тэднээс Э.Кантонатай танилцуулж өгөхийг хүссэн. Гэтэл нэг өдөр Э.Кантона үнэхээр хүрээд ирсэн шүү. Ттэр ирээд намайг хайж олж уулзаад танилцаж, зургаа хамт авахуулчихаад явсан. Түүнийг ирсэн гэдгийг мэдсэн багийнхан маань “гялс” бэлтгэлийн баазад ирчихсэн “Кантона хаана байна”, “Тэр хаана байна аа” гээд л хайцгааж байж билээ. Гэтэл Э.Кантона аль эрт яваад өгсөн байдаг. Учир нь тэр зөвхөн надтай уулзах л гэж тэнд очсон шүү дээ. Ойлгож байна уу?

 

С.Төгөлдөр

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Рөрбр(66.181.186.187) 2017 оны 09 сарын 01

Кантона ч азарга л даа

0  |  0
man (182.160.35.237) 2017 оны 09 сарын 01

Katona ch daam yum aa

0  |  0
Top