Хөвгүүдээс хамгийн өндөр амжилтыг Э.Бямбадорж үзүүлж тавдугаар байрт орлоо

2017 оны 09 сарын 11

Бөхийн төрлүүдийн өсвөр үеийн ДАШТ есдүгээр сарын 4-10-нд Грекийн нийслэл Афины “Ano Liosia Olympic Hall” ордонд боллоо. Хөвгүүдийн 23, охидын 11 дэх удаагийн тэмцээний сүүлийн гурван өдөр хөвгүүдийн 10 жингийн барилдаан болж өндөрлөлөө.

Манай улсаас охидын 52 кг-ын жинд Баянхонгор аймгийн тамирчин Болдсайханы Хонгорзул хүрэл медаль хүртсэн билээ. Хөвгүүдээс хамгийн өндөр амжилтыг 63 кг-ын жинд өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгөн медальт, өсвөр үеийн УАШТ-ий хошой алт, нэг хүрэл медальт, “Асашёорюү Кап”, Дарма Жанаев, Түмэн Жаргаловын нэрэмжит ОУТ-ий аварга, “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын наадмын хүрэл медальт, Баянхонгор аймгийн тамирчин Энхбаярын Бямбадорж үзүүлж тавдугаар байрт оров.

Тэрбээр Афины дэвжээнд эхлээд өнгөрсөн жилийн өсвөр үеийн дэлхийн аварга Ираны Амирхоссейн Магсоудиг 4:4-өөр, 1/8 шигшээд Казахстаны Ахмад Муратыг оноогоор (13:0) цэвэр ялж, шөвгийн наймд өсвөр үеийн Европын аварга ОХУ-ын Инар Кетьяд 2:11-ээр ялагдсан.

Түүний өрсөлдөгч нь шигшээд шалгарсан тул өнөөдөр дагах барилдаан хийв. Дагах барилдаанд Беларусийн Данил Амелянчикийн цэвэр ялсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд өсвөр үеийн ЕАШТ-ий мөнгө, хүрэл медальт Азербайжаны Хажимурад Гажиевт оноогоор цэвэр ялагдав. Монголын эрэгтэй чөлөөт бөхийн залгамж халаа болсон хөвгүүдэд маань Афины дэвжээ том туршлага томоохон сургамж болж өгсөн нь дамжиггүй.
Хөвгүүдийн 10 жингийн гуравт нь түрүүлж, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн ОХУ-ын бөхчүүд 73 оноогоор багийн дүнгээр тэргүүлж, АНУ дөрвөн алт, хоёр хүрэл медальтай 66 оноогоор удаалав.

ХӨВГҮҮДИЙН ТЭМЦЭЭНИЙ ДҮН:
42 кг (19 тамирчин): 
1. Алихасан Амирли (Азербайжан) 2. Умиджон Жалолов (Узбекистан) 3. Георгий Тшоладзе (Гүрж), Кайсей Танабе (Япон) ...17. Батбаярын Хишигдорж (Монгол)

46 кг (19): 1. Курт Намди Анри (АНУ) 2. Георгий Гегалашвили (Гүрж) 3. Магомед Абдурахманов (ОХУ), Адлан Аскаров (Казахстан) ...10. Эрдэнэбаатарын Сумъяабазар (Монгол)
50 кг (26): 1. Фёдор Балтуев (ОХУ) 2. Махир Маммадзада (Азербайжан) 3. Акбар Курбанов (Казахстан), Фаррух Шарипов (Узбекистан) ...11. Нармандахын Наранхүү (Монгол)
54 кг (24): 1. Мехди Эшгива Соколай (Иран) 2. Канат Ямагүчи (Япон) 3. Имам Ганишов (ОХУ), Владислав Остапенко (Украин) ...13. Мөнх-Очирын Сүхбат (Монгол)
58 кг (27): 1. Рюто Сакаки (Япон) 2. Туран Байрамов (Азербайжан) 3. Георгиос Пилидис (Грек), Рахул Рахул (Энэтхэг)
63 кг (27): 1. Инар Кетья (ОХУ) 2. Кеншин Ито (Япон) 3. Хажимурад Гажиев (Азербайжан), Тайрес Теемер (АНУ) ...5. Энхбаярын Бямбадорж (Монгол)
69 кг (23): 1. Вильяс Франсис Леван (АНУ) 2. Дауд Ибрагимов (Азербайжан) 3. Сосламбек Будаев (ОХУ), Мохаммад Ашгар Ноходиларими (Иран) ...19. Амгаланыаатарын Цэрэн-Очир (Монгол)
76 кг (25): 1. Аарон Брукс (АНУ) 2. Арсамаг Хостикоев (ОХУ) 3. Мейсам Зарее (Иран), Петр Карасени (Иран) ...19. Рэнцэндоржийн Мөнхбаяр (Монгол)
85 кг (25): 1. Алан Багаев (ОХУ) 2. Аббас Али Фороутанрами (Иран) 3. Данило Стасюк (Украин), Гэвин Ли Хоффман (АНУ) ...13. Энхтүвшингийн Батмагнай (Монгол)
100 кг (22): 1. Даниель Клифтон (АНУ) 2. Исмаил-Бек Ниров (ОХУ) 3. Сейедмехди Сейедабасали (Иран), Жамухаммет Сапаров (Туркменистан) ...11. Бээжингийн Энх-Оргил (Монгол)

Монголын чөлөөт бөхийн холбоо

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top