Монголын сагсан бөмбөгийн холбооноос 2017-2018 оны стандартчилсан төрөл буюу “Хөгжлийн лиг” тун удахгүй зохиогдох гэж байгаа аж. Энэхүү лигийн тэмцээн нь 2010 оноос зохион байгуулагдаж эхэлсэн байна. Энэ удаагийн тэмцээнийг “Snikers”, “MC david” гэсэн хоёр брэнд хамтран зохион байгуулж байгаа гэнэ. Тус тэмцээний зорилго нь залуусын цагийг зөв боловсон өнгөрөөх, нэг баг хамт олон болгох, өсвөрийн шигшээ багийн тамирчдын бүрдүүлэхэд чиглэдэг байна. Мөн энэхүү тэмцээний хамгийн гол онцлог нь өндөр шагналтай юм. Өндөр шагналтай гээд бооцоо нь их хэмжээний байх тохиолдол олон. Тэгвэл “Хөгжлийн лиг”-ийн тэмцээний бооцоо нь ердөө нэг сая төгрөг гэнэ. Тэмцээнийг олон улсын сагсан бөмбөгийн холбооны дүрмийн дагуу зохион байгуулахаар болжээ.
Сагсан бөмбөгийн холбооны дасгалжуулагч Ш.Сэдбазар “Одоогийн байдлаар 20-иод баг бүртгүүлсэн. Цаашдаа нэмэгдэх хандлагатай байгаа. Хоёр бүс болгож, тойргийн журмаар тоглоно. Тоглолтын журмыг техникийн зөвлөгөөн дээр нарийн ярилцаж, багуудаас санал авна. Гадуур зохиогддог тэмцээн тоглолтын хугацааны хувьд бага байдаг. Бид энэ байдлыг харгалзан үзэж, цаг дээр нарийн ажиллаж 10 минутаар дөрвөн үе тоглохоор болсон. Ур чадвар сайтай залуу тоглогч бүхэнд тэмцээн нээлттэй" гэлээ.
Сагсан бөмбөгийн холбоо олон нийттэй харилцах албаны ажилтан С.Бямбажав “Шүүгч нарын хувьд зэрэглэл өндөртэй шүүгч нар шүүнэ. Монголын хувьд дээд лигээс бусад лигийн статистик баримт хангалтгүй байдаг. Харин одоо зохиогдох лигийн тэмцээн нь статистикийн мэдээллийг давхар хөтлөх юм. Тиймээс баг тамирчид өөрсдийн хувийн болон статистик мэдээллээ харж болно. Ингээд тэмцээнд оролцох тамирчиддаа амжилт хүсье" гэв.
Тэмцээн энэ оны есдүгээр сарын 30-нд зохион байгуулагдах аж. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах зурган дээрээс авна уу.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )