Сахагаас хоёр хүрэл медальтай ирлээ

2017 оны 10 сарын 02

Якутын нэрт дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 1-нд ОХУ-ын Сахагийн бүгд найрамдах улсын «Триумф» спортын ордонд боллоо.

Нийт 44 мянган.ам.долларын шагналын сантай 10 дахь удаагийн тэмцээнд 26 орны 172 тамирчин найман жинд өрсөлджээ.

Манай улсаас гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномын удирдлага дор З.Занабазар (57), Т.Түвшинтулга (61), Т.Тулга, А.Мөнх-Эрдэнэ (65), Э.Тэмүүлэн (70), З.Сумъяабазар (74), О.Үйтүмэн, Б.Нямбаяр (86), Б.Одсүрэн (97), М.Лхагвагэрэл, О.Мөнх-Эрдэнэ (125 кг) гэсэн 11 тамирчин хүч үзсэн байна.

Тэднээс ОУХМ Оргодолын Үйтүмэн, Борис Будаевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий хошой мөнгөн медальт, Мөнхтөрийн Лхагвагэрэл нар хүрэл медаль хүртжээ.

О.Үйтүмэн Израилийн Дмитрий Фурман, Туркийн Габер Демирташ нарыг ялсан ч хагас шигшээд “Москва-2010” ДАШТ-ий хүрэл медальт, 2009 оны Евопын аварга Хойд Осетийн 35 настай хашир туршлагатай бөх Сослан Кцоевтой тун тэнцүүхэн барилдаж 3:4-өөр ялагдсан байна. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд нутаг нэгт ОУХМ Б.Нямбаярыг цэвэр ялжээ.

Өсч яваа залуу тамирчин М.Лхагвагэрэл шөвгийн наймд 23 хүртэлх насны ЕАШТ-ий хүрэл медальт Хойд Осетийн Виталий Голоевт ялагдсан аж. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит ОУТ болон ОХУ-ын АШТ-ий хүрэл медальт Буриадын Цыбик Максаровтой барилдах байсан ч өрсөлдөгч нь бэртлийн улмаас дэвжээнд гарч ирээгүй байна.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top