Эрхүүгээс есөн медальтай ирлээ

2017 оны 10 сарын 16

ОХУ-ын чөлөөт бөхийн олимпийн анхны эмэгтэй аварга Наталья Воробьевагийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын эмэгтэйчүүдийн олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Эрхүү хотод боллоо.

Дөрөв дэх удаагийн тэмцээнд Монгол, БНХАУ, ОХУ-ын Эрхүү, Красноярск, Буриад, Новосибирск, Кемеровогийн 160 гаруй тамирчин өрсөлджээ. Манай улсаас дасгалжуулагч П.Чулуунбаатар, Э.Батмөнх, Ц.Ганзориг нарын удирдлага дор 18 тамирчин оролцсоноос алт, мөнгө, хүрэл тус бүр, нийт есөн медаль хүртэв.

Алт:

Чингэлтэй дүүргийн тамирчин Б.Энхзул 46 кг-ын жинд, Н.Анударь 55 кг-д, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Говийн бөх” клубийн тамирчин Д.Цогзолмаа 69 кг-д алт,

Мөнгө:

Чингэлтэй дүүргийн тамирчин Б.Энхцэцэг 55 кг-д, Б.Энхтүвшин 59 кг-д, Өмнөговь аймгийн тамирчин Ө.Одбаг 70 кг-д мөнгө,

Хүрэл:

Чингэлтэй дүүргийн тамирчин Б.Мөнхтуул 44 кг-д, “Говийн бөх” клубийн Т.Мянганбаяр 69 кг-д, Х.Хулан 70 кг-д хүрэл медаль хүртсэн байна.

Сонирхуулахад, Чингэлтэй дүүргийн тамирчин Н.Анударь тус тэмцээнд хоёр жил дараалан түрүүлж, Б.Энхзул мөнгөн медалиа алт болгон хувиргаж, Б.Энхцэцэг амжилтаа ийнхүү давтав.

 

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top