Ж.Жанлав-Ойдов: Ур чадварын олимп гэдэг утгаараа өрсөлдөөнтэй боллоо

2017 оны 10 сарын 23

Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв. Манай улс 2015 онд есөн мэргэжлээр анх удаа оролцож байсан бол энэ удаад гагнуур, мужаан, сантехник, өрөг угсралт, тогооч, цахилгаан гэсэн зургаан мэргэжлээр оролцлоо. Мэргэжлийн олимп хэмээгддэг тус нэр хүндтэй олон улсын тэмцээнд 59 орны 1300 оролцогч, 51 мэргэжлээр ур чадвараа сорилоо.

Монголын оролцогчдоор гагнуурын төрөлд оролцогч Ж.Жанлав-Ойдов 700 оноогоор Тусгай байрын шагнал хүртэж, Үндэсний ялагчаар шалгарсан нь Монгол улсын 2015 оны амжилтыг ахиулсан үйл явдал боллоо. 2015 онд мужааны оролцогч 480 оноо хүртэж (энэ жил 200 оноогоор нэмэгдэж 700 болсон) баг хамт олноо манлайлж байсан юм. Ж.Жанлав-Ойдов ийнхүү Тусгай байрын шагнал хүртсэнээр гагнуурын төрөлд оролцсон 34 орноос 18-д орлоо. Мужааны төрөлд оролцогч Н.Эрдэнэмөнх 691, цахилгааны Л.Төгөлдөр 674, тогоочийн Б.Дагвасүрэн 673, сантехникийн Ц.Долгормаа 660, өрөг угсралтын Ц.Мягмарсүрэн 659 оноо тус тус хүртлээ. Чансаа өндөр энэхүү олон улсын тэмцээнд Монгол улс хоёр дахь удаагаа оролцохдоо 2015 оны амжилтаа ахиулна гэж зорилго тавьж байсан. Нийт зургаан оролцогч маань өмнөх тэмцээний амжилтуудаа төрөл бүр дээр ахиулсан амжилт гаргалаа.

Дэлхийн ур чадварын тэмцээний Монгол дахь зохион байгуулалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцан ажилладаг бөгөөд дэмжигч байгууллагаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Оюутолгой компани, Мэргэжлийн боловсрол, түншлэл ТББ, Монголын зочлох үйлчилгээний холбоо, Модны чадамжийн төв, Хүнс, технологийн политехник коллеж зэрэг олон байгууллага ажиллалаа.

Хоёр жилд нэг удаа зохион байгууллагддаг Дэлхийн ур чадварын тэмцээн 2019 онд ОХУ-ын Казань хотод зохион байгуулагдана. 2021 оны тэмцээний эрхийг БНХАУ-ын Шанхай хот саяхан хүлээн авлаа. Иймээс дараа дараагийн тэмцээнд Монгол улс илүү олон мэргэжлээр оролцох бодлого барин ажиллаж байна.

Тэмцээнд оролцсон хүүхдүүдээ тосох үеэр тэмцээнд амжилттай оролцсон Ж.Жанлав-Ойдовоос бид тэмцээнийх нь талаарх сэтгэгдлийг сонслоо.
 

-Тэмцээнд амжилттай оролцоод ирсэнд баяр хүргэе. Гаргасан амжилтынхаа талаар сонирхуулахгүй юу?
 

-Гагнуурын төрөлд оролцож 700 хүртэж, медаль хүртсэндээ баяртай байна. Ур чадварын олимп гэдэг утгаараа өрсөлдөөнтэй боллоо. Гагнуурын төрөлд 34 орон өрсөлдсөн. 2015 оны монголын оролцогчийн амжилтыг ахиулсандаа бас баяртай байна. Дэлхийн ур чадвар тэмцээний гагнуурын төрөлд оролцож шагналт байранд шалгарч, үндэсний ялагчаар тодорсон. Энэ удаагийн тэмцээний онооны босго өндөр болсон байсан. Би 700 оноо авч шагналт байранд орох болзол хангасан.

-Тэмцээний даалгавар хэр хүнд байв. Бэлтгэл дээр хийж байсантайгаа харьцуулахад ямар байв?

-Тэмцээний даалгавар нэлээд хүнд байсан. Мөн шүүлт өмнөх жилүүдээс чанга болсон байсан учраас нэлээд хэцүү байлаа.

-Манай улс хоёр дахь удаагаа оролцож байгаа. Энэ жил тавьсан зорилгоо багаараа биелүүлж чадсан уу?

-Дэлхийн ур чадвар тэмцээнд бид хоёр дахь удаагаа л оролцож байгаа. Манай баг энэ жил өмнөх жил гаргаж байсан амжилтаа ахиулж,  дотоодод гаргаж байсан амжилтуудаа ахиулах зорилт тавьж оролцсон. Бусад таван оролцогч маань тус бүртээ зорилгоо биелүүлж өмнөх жилийн хүүхдүүдийн гаргаж байсан амжилтыг ахиулсан

-Энэ амжилтыг гаргахад тусалж дэмжсэн олон хүн байгаа байхаа. Тэр хүмүүстээ талархалаа илэрхийлэхгүй юу?

-Биднийг амжилттай оролцоход тусласан бүх хүн, албан байгууллагууддаа баярлалаа. Мөн гэрийнхэндээ болон багшдаа баярлалаа.


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам


 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(108.181.115.137) 2017 оны 10 сарын 24

hari gazart nariin mergejliin iim hymyys l ondor ynelgddeg yum bilee. monii dyy ur cnadwariin amjilt gargasan gadaad bicngee konadood kanadadiin mergejiltai ajiltan awna gesen tsagaacnlald handaad yz . zalyy hyn mongold ajil oldoxgyi bna bairnii mongo hiij ireed mongoldoo bagsh hiigeerei

0  |  0
Hi(62.47.217.141) 2017 оны 10 сарын 23

Mundag

0  |  0
Top