Сонгинохайрханчууд дүүргийнхээ нэрэмжит тэмцээнд түрүүллээ

2017 оны 10 сарын 28

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нэрэмжит “Монгол-Япон” нийгэмлэгийн бөхийн заалны нээлтэд зориулсан тэмцээн өчигдөр болжээ. Дүүргүүдийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах багийн тэмцээний талаар МЧБХ-оос дараах мэдээллийг өглөө.

Тэмцээнийг Сонгинохайрхан дүүргийн спорт хороо, Монголын чөлөөт бөхийн холбоо, “Монгол-Япон” нийгэмлэг, “Тулгат” клуб хамтран зохион байгуулжээ.

Хөвгүүдийн 45, 52, 58, 63, 70, охидын 45, 50, 55, 60, 65 гэсэн 10 жинд Баянзүрх, Багахангай, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул гэсэн долоон дүүргийн баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдсөн аж.

“А” хэсгийг Сонгинохайрхан тэргүүлж, Багахангай, Сүхбаатар дүүрэг удаалсан бол “В” хэсгийг Хан-Уул, Налайх, Баянгол, Баянзүрх гэсэн дарааллаар байр эзэлжээ. Тавдугаар байрын төлөөх барилдаанд Сүхбаатар дүүрэг Баянголыг 5:5 (45:39)-аар, гуравдугаар байрын төлөөх барилдаанд Багахангай Налайхыг 5:5 (23:21)-аар тус тус буулган авчээ. Харин аваргын төлөөх барилдаанд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, спортын мастер Н.Баатар дасгалжуулагчтай Сонгинохайрхан дүүргийн баг спортын мастер Ё.Батдархан, Ж.Баярхүү дасгалжуулагчтай Хан-Уул дүүргийг 7:3-аар ялж, дүүргийнхээ нэрэмжит тэмцээнд түрүүлж цомын эзэн болсон байна.

Тэмцээний өсөх ирээдүйтэй тамирчнаар Хан-Уул дүүргийн тамирчин Т.Оюун-Эрдэнэ, шилдэг шүүгчээр олон улсын гуравдугаар зэргийн шүүгч Г.Амархүү нар тодорчээ.


Д.Тамир

WWW.ZINDAA.MN


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top