Монголын боулинг сонирхогчдын холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай 9 дэх жилдээ хамтран зохион байгуулж буй “City cup-2017” тэмцээн өнгөрөгч бямба гаригт Big bowling төвд болж өндөрлөв.
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны ойн өдөрт зориулан зохион байгуулдаг тус тэмцээнд нийт 16 баг оролцжээ. Бүх баг таван тоглолт хийгээд өндөр оноо авсан 8 баг нь цааш халз тоглосоор аваргаа тодруулсан. Тэмцээний аваргын цом, алтан медалийн эздээр “Багануур” ТӨХК-ийн баг тодорч, мөнгөн медалийг Санхүү эдийн засгийн их сургууль, хүрэл медалийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн баг хүртжээ. Медалийн төлөөх тоглолтонд СЭЗИС 745, “УБЦТС” ТӨХК-ийн баг 744 оноо авч, мөнгө, хүрэл медалийн өнгө ердөө ганцхан онооны зөрүүгээр шийдэгдсэн. Хоёр ч баг гаргах чадалтай, удаа дараалан аваргын цом, мөнгө, хүрэл медалийг хамж байсан ТЭЦ-3 компанийн нэгдүгээр баг энэ удаа Багануурын хоёрдугаар багт нилээн хэдэн онооны зөрүүгээр хожигдсон.
Шилдэг тоглогч буюу өндөр онооны эзнээр эрэгтэйчүүдээс “Багануур” ТӨХК-ийн тамирчин Б.Батболд 236 оноогоор, эмэгтэйчүүдээс “Мобиком”-ын тамирчин Б.Оргилмаа 209 оноогоор шалгарч, алтан медаль, аваргын цом хүртлээ.
Мөн нэг удаагийн тоглолтондоо хамгийн өндөр оноо авсан багаар “Багануур” ТӨХК-ийн баг шалгарч давхар шагнал авсан. Өмнөх “Strikes” клубын нэрэмжит өндөр шагналын сантай тэмцээнд хэсгээсээ ч шалгарч чадаагүй Багануурчууд энэ удаа нэгдүгээр баг нь аварга болж, хоёрдугаар баг нь тусгай байранд шалгарч цойлсон амжилтын эзэд боллоо. Эндээс Багануур усан спорт боулингийн сургалтын төв тамирчдаа хэрхэн дасгалжуулан бэлдэж байгаа нь харагдлаа.
Улаанбаатар хотын 378 жилийн ойд зориулсан тус тэмцээний нийт шагналын сан 5 сая төгрөг байв
Сэтгэгдэл ( 0 )