Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ганбаатарын Одбаярт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээж өнөөдөр шагналыг гардуулан өгөв. Ингээд тэдний сэтгэгдлийг хүргэж байна.
"Төрийн дээд одон медалаар шагнуулсандаа маш баяртай байна. Би Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. Жудод анх хөтөлж оруулсан хүн бол миний аав Доржсүрэн. 2005 онд Монгол охид клубын Ч.Базарсүрэн, С.Эрдэнэбат багш нарынхаа удирдлага доор А үсгээ заалгаж байсан. 2008 оноос жудо бөхийн шигшээ багийн ах, эгч нартайгаа бэлтгэл сургуулилтаа хийж, 2010 оноос шигшээ багийн тамирчин болоод өнөөдрийг хүртэл бэлтгэл сургуулилтаа хийж байна. 2011 оноос хойш Монгол Улсын аварга, Ардын багш, Жудогийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч О.Балжинням багшийнхаа удирдлага дор хоёр олимпийн циклийг хамтдаа үзэж байна. Шигшээ багийн нийт багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Тамирчдын амжилт гэдэг багш нарын уйгагүй хүч хөдөлмөрийн үр шим. Тэр дундаа Х.Эрдэнэт-Од багшдаа маш их баярлаж байна. 2008 оноос хойш тасралтгүй 10 жил удирдлаган доор нь бэлтгэл сургуулилт хийж ирсэн. Монголын жудо бөхийн холбоо, Спорт бэлтгэлийн төв, яам, агентлаг, Шигшээ багийн алба гээд бүгдэд нь талархаж байна. Монголын өнцөг булан бүрт хилээ манан үүрэг гүйцэтгэж байгаа хилчиддээ энэ өдрийн мэнд хүргэж, баяраа хуваалцмаар байна. Жудод хайртай, ивээн тэтгэдэг олон хүмүүс бий. Маш олон хүнд баярлалаа гэж хэлмээр байна. Энэ амжилт бол тэдний маань амжилт. Төрүүлж өсгөсөн аав, ээж, эмээ, өвөөдөө маш их баярлалаа. Миний хоёр буурай 95 насыг зооглож байгаа. 13 жилийн хөдөлмөр, хөлс хүчийг маань төр засаг, Монголчууд маань өндрөөр үнэллээ.
Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн Ганбаатарын Одбаяр: Өчүүхэн амжилтыг минь өндрөөр үнэлсэн төр засагтаа баярлалаа
Сэтгэгдэл маш өндөр байна. Өчүүхэн амжилтыг минь өндрөөр үнэлсэн төр засагтаа баярлалаа. Ерөнхийлөгч маань үнэлж гавьяат тамирчин цол олгосонд маш их баярлаж байна. Нийт жудо бөхийн хамт олон, найз нөхөд, багш нартаа баярлаж байгаагаа хэлмээр байна. Би 13 жил жудо бөхөөр хичээллэж байна. Өөрөө барилдах дуртай учраас энэ спортыг сонгосон. 2017 оны ДАШТ хамгийн сэтгэл догдлуулсан тэмцээн байлаа. Он дуусахаас өмнө гурван тэмцээн байгаа. Энэ тэмцээнүүдэд амжилт гаргахын төлөө хичээж бэлтгэл сургуулилтаа хийж байна.
Ш.Адъяамаа
Гэрэл зураг Ц.Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )