2017 оны 10-р сарын 29-нд Монгол Улс багийн спортоор анх удаа тивийн аваргаар шалгарч түүхэнд бичигдсэн билээ. Тодруулбал, ФИБА сагсан бөмбөгийн 3х3 насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын эрэгтэй шигшээ баг анх удаа алтан медалийн эзэн болсон юм. Бид энэ удаа түүхэн ялалт байгуулсан Монголын шигшээ багийн тамирчин, Ази тивийн үнэ цэнэтэй тоглогч Э.Дөлгөөнийг урьж ярилцлаа. Түүний хувьд багаа оноо авсан байдлаар тэргүүлээд зогсохгүй хоёр дахь боломж, цэвэрлэгээний үүргийг сайн гүйцэтгэсэн юм.
ААШТ Монголчуудыг үнэхээр огшоож чадсан. Энэ том алдрыг хүртэх тийм ч амар байгаагүй биз. Таны хувьд хамгийн хэцүү тоглолтыг нэрлээч гэвэл?
- Тийм ээ. Энэ бол нөр их хөдөлмөр, бэлтгэл сургуулилтын үр дүн юм. Хүнд тоглолт гэвэл мэдээж зөрдөг тоглолтын дараа Австралийн шигшээ багтай хийсэн тоглолт байсан. Цаг сунгаж хожлыг авсан. Тэмцээн эхлэхийн өмнө “нутагтаа зохион байгуулж байгаа учраас заавал амжилттай оролцох ёстой” гэсэн үүрэг даалгаврыг дасгалжуулагч болон холбооны зүгээс авсан байсан. Австралийн баг тус тэмцээнд урилгаар ирж оролцож байгаа нэлээн чансаа өндөр баг байсан учраас бага зэрэг эмээх зүйл гарч байсан ч үүрэг даалгавраа амжилттай биелүүлж чадсандаа баяртай байна.
Сэтгэл зүйн хувьд хэр бэлтгэгдсэн байсан бэ?
- Бидний хувьд сэтгэл зүйн бэлтгэл сайн байсан. Спортын сэтгэл зүйч н.Заяа эмч дээр багийн сэтгэл зүй болон хувь хүн өөрийгөө хэрхэн яаж бэлдэх тал дээр суралцсан. 2008 оноос хойш олон улсын тэмцээн уралдаанд оролцож эхэлсэн учраас ерөнхийдөө тоглолтын үед сэтгэл зүйгээ бэлдээд сурчихсан гэх юм уу даа.
Баг хамт олныхоо тухай яриач?
- Манай багийн хувьд 3х3 сагсан бөмбөгийн төрөлд тамирчин бүр өөрийн гэсэн онцлог шинж чанартай. Тухайлбал, Цэнгүүнбаяр маань оролт сайтай, хамгаалалт сайтай гэх мэт. Манай баг хоорондоо маш сайн ойлголцдог. Бид нэг ч удаа хоорондоо маргалдаж үзээгүй. Удаан хамт нэг баг байсан учраас бусдаас илүү давуу талтай гэж боддог. Бид спортод нэг баг хамт олон, амьдрал дээр үй зайгүй сайн найзууд.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Сэтгэгдэл ( 0 )