Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж иргэдээсээ дахиад бөөн оноо авлаа. Тэр удахгүй ОХУ-д айлчилна. Үүнтэйгээ холбогдуулан бизнес эрхлэгч нарынхаа санаа бодлыг сонссон нь өмнөх Ерөнхийлөгч нарынхаас арай содон үйл явдал болов. Урьд нь ямар нэг айлчлалын өмнөх өдрүүд их л дүнсгэр байдаг байлаа. Төрийн нууц алдчихвий гэж зарим дарга нар өмдөндөө юм дусаахаа шахаж байв шүү дээ. Дусааж ч байсан байх аа. Тэгвэл энэ удаа Оросын төрийн томчуудтай түүний хийх яриа хэлэлцээр нээлттэй, Монголын иргэдэд өгөөжтэй болох бололтой. Гэхдээ нууцлах юм байлгүй яав гэж. Орос руу бараагаа гаргахад кг тутамд нь 20 доллар төлдөг манайхны зовлонг Ерөнхийлөгчийн айлчлалаар нууцлаад байх юу байх билээ. Монголын бизнес эрхлэгч нар Ц.Элбэгдоржид захиж буй гол зүйлийн нэг энэ байв. Мөн Оростой хамтраад худалдааны томоохон төвийг нээн ажиллуулж болно гэж тэд үзэж байна. Махны экспортоо ч хаана хаанаа харж үзүүштэй гэлээ. Манай мах Сибирээс цаашаа хол гарч борлуулагдахгүй байгаа ажээ. Сонирхолтой нь дотооддоо таван доллараар зарагддаг мах Орос руу хоёрхон доллараар яваад өгдөг юм байна. Түүнээс гадна хил гаалийн хүнд суртал Орост ч, манайд ч тоймгүй их хэвээрээ байгаа. Энэ мэтээр Оросуудтай ярьж тохирох зүйл олон байгааг бизнесийнхэн Ц.Элбэгдоржид захилаа. Эдгээрийг оросууд хэдийнээ сонсчихсон түүнийг очиход заримыг нь шууд шийдээд өгөх биз. Гэвч их гүрний намба заагаад зарим зүйл дээр томорч магадгүй. Тэгэхээр Ерөнхийлөгчөө, бизнес эрхлэгчдийнхээ захиасыг л сайн биелүүлээрэй. Өө тийм, өнөөх бензин шатахуунаа ярихаа мартав. Цаадуул чинь луу унжих гээд байвал уранаа өгөхгүй гээд гэдийчихээрэй. Тэгж чадвал та бас дахиад оноогоо ахиулна шүү дээ.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )