23 хүртэлх насны чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох эмэгтэй баг Польшийг зорилоо

2017 оны 11 сарын 21

Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 23-26-нд Польшийн Быдгощ хотод болно.

Анхны дэлхийн аваргад манай улс эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцоно гэдгийг МЧБХ-оос мэдээллээ. Монголын багийн түрүүч буюу эмэгтэй тамирчид маань өчигдөр өглөө “Улаанбаатар-Москва”-гийн нислэгээр Польш улсыг зорив. Тэднийг Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Бямбажавын Баттулга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Цэндийн Баярсайхан нар удирдан явж байгаа.

Сарын өмнө Сэлэнгэ аймагт болсон олимп, ДАШТ-ий хүрэл медальт, алдарт бөх Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит тэмцээний жин тус бүрийн аваргууд Быдгощыг зодоглох эрх авсан билээ. Эмэгтэйчүүдийн 48 кг-д спортын мастер Буяндалайн Чимгээ (Хангарьд), 53 кг-д ОУХМ Ганбаатарын Отгонжаргал (Алдар), 55 кг-д спортын мастер Бат-Очирын Болортуяа (Женко), 58 кг-д ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг (Хасу-Мегастарс), 60 кг-д ОУХМ Энхбатын Гантуяа (Хилчин), 63 кг-д спортын мастер Хүрэлхүүгийн Болортуяа (Аврагч), 69 кг-д спортын мастер Мөнхбатын Хишигмаа (Арслан), 75 кг-д спортын мастер Пүрвээгийн Номин-Эрдэнэ (Алдар) нар зодоглоглох юм.

Эмэгтэйчүүдийн 55, 58, 63, 75 кг 23-нд, 48, 53, 60, 69 кг-ын жингийн барилдаан 24-ний өдөр болно.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top