Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Польшийн Быдгош хотод болж байна. Чөлөөт бөхийн тэмцээн өчигдөр эмэгтэйчүүдийн 55, 58, 63, 75 кг-ын жингийн барилдаанаар эхэлсэн.
Эхний өдөр монголын дөрвөн бүсгүй зодоглосноос 58 кг-ын жинд 2014 оны залуучуудын дэлхийн болон Азийн аварга, 2011 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий алт, 2015 оны Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн мөнгө, 2014, 2017 оны хүрэл, Чувашийн Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын нээлттэй тэмцээний мөнгө, хүрэл, Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит ОУТ-ий алт, “Mongolia Open” ОУТ-ий нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл, насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, мөнгөн медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг мөнгөн медаль хүртэв.
Тэрбээр Польшийн дэвжээнд эхний даваанд 2015 оны залуучуудын дэлхийн аварга Шведийн Элин Йоханна Нильссоныг 2:1-ээр, шөвгийн наймд Энэтхэгийн Сангеета Сангеетаг цэвэр, хагас шигшээд БНХАУ-ын Ван Шиаосенийг оноогоор цэвэр (10:0) ялж, алтан медалийн төлөөх барилдаанд залуучуудын дэлхийн хошой аварга Японы Юзүрү Күманод 1:6-гаар ялагдсан юм.
“U-23”-ын ДАШТ-ий анхны медальтан А.Батцэцэг өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх гэсэн гурван насны ангиллын ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын чөлөөт бөхийн түүхэнд анхны тамирчин боллоо. Мөн тэрбээр гурван жилийн давтамжтай гурван насны ангиллын ДАШТ-ээс (“Сомбатхей-2011” өсвөр үеийн ДАШТ-ээс мөнгө, “Загреб-2014” залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртсэн) медаль хүртээд байна гэж МЧБХ-оос мэдээллээ.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Үнэхээр бахархмаар агуу юмаа