Чөлөөт бөхийн залуучуудын “Martyrs Cup” багийн олон улсын тэмцээн арванхоёрдугаар сарын 1-3-нд Ираны нийслэл Тегеранд боллоо. Тэмцээнд Иран, Монгол, ОХУ, Азербайжан, Армен, Беларусь, Казахстан, Украин, Сири, Турк гэсэн 10 орны 13 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдсөн юм.
Монголын залуучуудын шигшээ багт үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Б.Батзоригийн удирдлага дор Ц.Цогбадрах, Т.Тулга, Б.Баасанням, Л.Батбаяр, Б.Зоригтбаатар, Т.Мөнгөншагай, М.Лхагвагэрэлээс гадна Иран, Армен тус бүр хоёр тамирчин нэмэгдэн багаа бүрдүүлжээ.
Ирэх жилээс хэрэгжиж эхлэх эрэгтэйчүүдийн 10 жинд болсон тэмцээний “В” хэсэгт манай залуучууд Ираныг 8:2-оор, Сирийг 9:1-ээр тус тус ялсан. Хагас шигшээд Иранд, гуравдугаар байрын төлөөх барилдаанд Арменд тус бүр 2:8-аар ялагджээ. Ингэснээр дөрөвдүгээр байр эзлэв.
Манайхнаас Ираны эсрэг Ц.Цогбадрах, Т.Тулга, Армений эсрэг Т.Мөнгөншагай, М.Лхагвагэрэл нар ялалт байгуулжээ. Тус тэмцээнд эзэн орны залуучууд түрүүлсэн. Тэд шигшээ барилдаанд ОХУ-ын багийг 6:4-өөр ялсан байна.
Манай залуучууд ирэх амралтын өдрүүдэд Тегеранд болох клубийн ДАШТ-д оролцоод эх орондоо ирнэ гэж МЧБХ-оос мэдээллээ.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )