Чөлөөтийн эмэгтэйчүүд Оросын цомд зодоглоно

2017 оны 12 сарын 05

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 1-2-нд ОХУ-ын Чебоксар хотод болж, Монголын бүсгүйчүүд хүрэл медаль хүртсэн. Тэгвэл манай бүсгүйчүүд залгуулаад өнөөдөр тус хотод эхэлж буй Оросын цом” эмэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээнд оролцоод эх орондоо ирнэ.

Тус тэмцээнд манай улсаас эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ц.Цэнджав (Хасу-Мегастарс), 53 кг-д ОУХМ Э.Сумъяа (Хилчин), Г.Отгонжаргал (Алдар), спортын мастер Б.Чимгээ, Т.Ариунзаяа (хоёул Хангарьд), С.Энхтунгалаг (Арслан), 55 кг-д гавьяат тамирчин Д.Отгонцэцэг (Хасу-Мегастарс), спортын мастер Б.Болортуяа (Женко), 58 кг-д ОУХМ А.Батцэцэг, 60 кг-д Э.Дэлгэрмаа (хоёул Хасу-Мегастарс), 63 кг-д хөдөлмөрийн баатар С.Батцэцэг (Хилчин), гавьяат тамирчин П.Орхон (Алдар), спортын мастер Х.Болортуяа (Аврагч), 69 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа (Алтай), ОУХМ Ш.Түмэнцэцэг (Хилчин), спортын мастер М.Хишигмаа (Арслан), 75 кг-д ОУХМ Г.Уртнасан (Хилчин), спортын мастер П.Номин-Эрдэнэ (Алдар) гэсэн 18 тамирчин зодоглоно. Тус тэмцээнд Дэлхийн цомд манайхтай хүрэл медалийн төлөө барилдсан АНУ-ын шигшээ оролцож байна.

Сонирхуулахад, 2014 онд ОУХМ Сүндэвийн Бямбацэрэн, 2015 онд гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон, 2016 онд гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа, Сүхээгийн Цэрэнчимэд, ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг нар түрүүлж байв.

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top