Эмэгтэй бөхчүүд аяны богцоо задаллаа

2017 оны 12 сарын 11

 

Арваннэгдүгээр сарын сүүлээр Польшийн Быдгош хотод болсон 23 хүртэлх насны анхдугаар ДАШТ, энэ сарын эхээр ОХУ-ын Чебоксар хотод болсон Дэлхийн цомын тэмцээн, ОХУ-ын Цомын нээлттэй тэмцээн гэсэн гурван том тэмцээн эх орноо төлөөлөн оролцсон, Монголын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид уржигдар эх орондоо ирсэн билээ. Тэгвэл өнөөдөр эмэгтэйчүүдийн шигшээ баг тамирчид Спортын төв ордонд хэвлэлийн бага хурал хийв.

Польшийн дэвжээнд ОУХМ А.Батцэцэг мөнгө, Г.Отгонжаргал, Э.Гантуяа нар хүрэл медаль хүртэж, Монголын чөлөөт бөхийн “U-23”-ын анхдагчид болсон. Тэгвэл үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, ОУХМ Ө.Ууганбаяр нараар удирдуулсан хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин О.Насанбурмаа, П.Орхон, ОУХМ Э.Сумъяа, А.Батцэцэг, Г.Отгонжаргал, Э.Гантуяа, Г.Уртнасан, спортын мастер Б.Чимгээ гэсэн бүрэлдэхүүнтэй баг арванхоёрдугаар сарын 1-2-нд Чувашийн нийслэлд Чебоксарт болсон эмэгтэйчүүдийн 16 удаагийн Дэлхийн цомд зодоглож хүрэл медалийг эх орондоо авчирсан билээ.

Бүсгүйчүүд маань үүнээс хоёр хоногийн дараа тус хотод зохион байгуулагдсан ОХУ-ын Цомын нээлттэй тэмцээнээс гавьяат тамирчин О.Насанбурмаа, ОУХМ Э.Сумъяа, А.Батцэцэг нар алт, спортын мастер Х.Болортуяа мөнгө, ОУХМ Ш.Түмэнцэцэг хүрэл медалийн эзэн болсон юм. Сүүлийн 14 хоногийн хугацаанд медалийн арвин ургацтай ирсэн манай бүсгүйчүүдийн 2017 оны тэмцээн шувтарч, ирэх жилээс насанд хүрэгчдийн УАШТ-ээс эхлэн олон тэмцээн шил шилээ даран хүлээж байна.

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО



Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
myf(103.9.89.210) 2017 оны 12 сарын 11

Амар мэнд үү? #NextStop #25жилийнОй-д дараах 4 төрөлд ХЭНИЙГ нэр дэвшүүлэх вэ? #Шилжилт25Final

0  |  0
Top