Монголын үндэсний паралимпийн хорооноос өчигдөр оны шилдгүүдээ тодрууллаа. 2017 оны шилдэг эрэгтэй тамирчнаар пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ, эмэгтэйчүүдээс таеквондогийн тамирчин Х.Энхтуяа нар шалгарлаа. Харин шилдгийн шилдэг тамирчнаар таеквондогийн тамирчин Г.Болор-Эрдэнэ тодорч, оны онцлох пара тамирчин боллоо.
“Рио 2016” паралимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ энэ жил Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болсон Дэлхийн цомын тэмцээнээс алтан медаль, Унгарын Будапешт хотноо болсон Дэлхийн цомын тэмцээнээс алтан медаль, Мексикийн Мехико хотод зохиогдсон ДАШТ-д 107 кг-аар мөнгөн медаль тус тус хүртсэн юм. Мөн Улаанбаатар хотын Классик пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 105 кг-ыг шахаж, алтан медаль хүртсэн юм.
Х.Энхтуяа БНСУ-ын Чунь Чон хотод зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, Их Британы Лондон хотод зохиогдсон ДАШТ-ээс алтан медаль хүртсэнээс гадна Дэлхийн таеквондогийн холбооноос шилдэг пара эмэгтэй тамирчны цол хүртлээ.
Харин 2017 оны шилдгийн шилдэг тамирчнаар шалгарсан Г.Болор-Эрдэнэ таеквондогийн 61 кг-д өрсөлддөг. БНСУ-ын Чунь-Чон хотод зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, Их Британы Лондон хотноо болсон ДАШТ-ээс алтан медаль, Португал улсад зохиогдсон “IWAS” их наадмаас мөнгөн медаль хүртсэн юм. Тэрбээр 2015, 2016, 2016 оны Таеквондогийн дэлхийн аварга болсон юм.
2017 оны шилдэг дасгалжуулагчаар таеквондогийн дасгалжуулагч Л.Отгонбаатар шалгарлаа. Тэрбээр орчин үеийн техник технологийн “DARTFISH” программыг сургалт, дасгалжуулалтандаа нэвтрүүлснээс гадна түүний шавь нар 2017 онд олон улсын тэмцээнд өндөр амжилтыг үзүүлсэн юм.
Мөн 2017 оны шилдэг холбоогоор пара волебол, хөнгөн атлетикийн холбоод шалгарсан бол шилдэг салбар зөвлөлөөр Архангай, Сэлэнгэ, ОХУ-ын Уфа хот шалгарчээ.
Т.Ариунтунгалаг
Сэтгэгдэл ( 0 )