Монголын үндэсний олимпийн хорооноос олимпийн өдрийг угтан нэг сарын аяныг зарлаж байна. 1894 оны зургадугаар сарын 23-нд Пьер де Кубертины санаачилгаар орчин үеийн олимпийн хөдөлгөөний анхны хурал болж олимпийн наадмыг сэргээх шийдвэр гарсан юм. Энэ өдрийг 1948 оноос эхлэн дэлхий даяар Олон улсын олимпийн өдөр болгон тэмдэглэх болсон юм. Энэхүү арга хэмжээг дэлхийн 150 гаруй улсад жил бүр өргөн дэлгэр тэмдэглэдэг бөгөөд сүүлийн жилүүдэд “Хөдөлгөөн-суралцах-эрэлхийлэх” гэсэн уриан дор тэмдэглэж байгаа юм.
МҮОХ нь спортын холбоодтойгоо хамтран олимпийн хөдөлгөөнийг сурталчилж, олимпийн хөтөлбөрийн шинэ спортыг болон олимпод оролцогч тамирчдыг залуу үеийн үлгэр дууриал болгох, олон нийтэд сурталчлах, хөгжөөнт буухиа тэмцээнийг хөлбөмбөгийн холбоотой хамтран зохиохоор болсон юм.
Мөн “Олимпийн өдрийн 10000 алхам” явган аялал, спорт, олимпизмийн сэдэвт зургийн уралдааныг гар зураг болон фото зургийн төрлөөр зохион явуулж шилдгүүдийг шалгаруулна. Үүнээс гадна Олимпод оролцогчдын дэлхийн холбооноос олимпийн медальтнууд, олимпод оролцогчдыг дэмжигч байгууллагуудад талархал илэрхийлж, хүндэтгэл үзуүлэх юм.
Эх сурвалж: Монголын үнэн
Сэтгэгдэл ( 0 )