Өсвөрийн сагсчид эх орондоо ирлээ

2017 оны 12 сарын 27

 

ОХУ-ын Улан-Үдэ хотод болсон олон улсын хүүхдийн сагсан бөмбөгийн тэмцээнээс Монголын баг тамирчид өндөр амжилт үзүүлсэн билээ. Тус тэмцээнд оролцсон баг тамирчид өчигдөр эх орондоо ирлээ. Тэмцээн арванхоёрдугаар сарын 21-24-ний өдрүүдэд болсон юм.

Энэхүү тэмцээн нь хоёр дахь удаагаа зохиогдож байгаа юм. Монгол, ОХУ-ын хотуудын өсвөрийн сагсчид U-11, U-12 насны ангилалд өрсөлдсөн. Монгол улсын өсвөрийн шигшээ багаас бүрдсэн баг тамирчид эрэгтэй, эмэгтэй нийт таван багийн 60 гаруй тамирчдын бүрэлдэхүүнтэй оролцож, нас насны ангилалд аваргын цомыг өргөсөн юм.

Тэмцээний U-12 насанд Д.Отгонбаатар, Ц.Ванчинсүрэн дасгалжуулагчтай 1-р баг түрүүлснээс гадна 2-р баг мөнгөн медаль хүртжээ. Мөн U-11 насны ангилалд Б.Пүрэвсүрэн, н.Алтанхуяг дасгалжуулагчтай баг түрүүлж, Ж.Мөнхтөгс дасгалжуулагчтай 2-р баг гуравдугаар байрт орсон байна.

Охидын төрөлд U-12 насанд н.Гэрэлт-Од дасгалжуулагчтай баг анх удаа оролцохдоо аваргын алтан медалийг хүртсэн байна. Мөн нас насны шилдэг тоглогчдыг тодруулахад Монголын дөрвөн тоглогч шалгарчээ.

Тэмцээний шилдэг дасгалжуулагчаар U-12 насны нэг болон хоёрдугаар шигшээ багийн дасгалжуулагч Д.Отгонбаатар, Ц.Ванчинсүрэн нар тодорсон. Эдгээр дасгалжуулагчид  багаа аварга болгосон байна.

Улан-Үдэ хотод болсон олон улсын хүүхдийн тэмцээний хаалтын ажиллагаанд Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга оролцож, баг тамирчдад шагналыг нь гардуулан өгчээ. Мөн энэ үеэр олон хотуудын сагсан бөмбөгийн холбоодын төлөөлөл уулзаж, цаашид хамтран ажиллах олон зүйл дээр санал нэгдсэн байна. Ирэх оноос эхлэн ОХУ-ын хотуудтай хийх өсвөрийн олон улсын тэмцээнийг жилд 4-6 удаа зохиохоор болжээ. Үүнээс гадна Чита, Братск, Красноярск хотуудад болох тэмцээнд Монголын баг тамирчдыг оролцуулж, туршлага солилцох болсон талаар Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос мэдээлсэн юм.

Т.Ариунтунгалаг

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top