Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Тэс сумын харьяат, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, “Увс нуур” бөхийн дэвжээний бөх, Монгол Улсын харцага Төрөөгийн Баасанхүү түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Сүлд спортын хорооны бөх, Монгол Улсын заан Нэгдэлийн Жаргалбаяр үзүүрлэлээ.
Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншин сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын харцага Т.Баасанхүүд Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг гардуулан өгөв. Арванхоёрдугаар сарын 29-ний энэ өдөр мөн Улсын харцага Т.Баасанхүүгийн төрсөн өдөр тохиож байгаа юм байна.
Барилдааны түүхээс дурдвал, монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойгоор 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдаан анх удаа болж, Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болж байв.
Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх 2012 оны барилдаанд Улсын заан М.Өсөхбаяр түрүүлж, Улсын гарьд Д.Рагчаа үзүүрлэв.
2013 оны цомын төлөөх барилдаанд Улсын начин Б.Пүрэвсайхан түрүүлж, Улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэж байв.
2014 оны барилдаанд Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг хоёр дахь удаагаа гардсан юм. Энэ барилдаанд Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэв.
2015 оны барилдаанд Улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзнээр хоёр дахь удаагаа тодорсон юм. Тэрээр Ерөнхийлөгчийн цомын төлөөх 2013 оны барилдаанд Улсын начин цолтой түрүүлж байв. Тус барилдаанд Улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэсэн юм.
2016 оны барилдаанд Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болж байв. Уг барилдаанд Монгол Улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэж байлаа.
Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү
Сэтгэгдэл ( 0 )