Ардын багш Д.Банди тэнгэрт хальжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 10

Шинэ өглөөг гунигтай мэдээгээр эхлүүлж буйдаа хүлцэл өчье. Монголын Боксын спортын тодоос тод од тэнгэрт харвалаа. Монгол улсын Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Дамдинжавын Банди тэнгэрт хальжээ. 

Монгол улсын боксын спортын гавьяат дасгалжуулагч, Ардын Багш Дамдинжавын БАНДИ 1948 онд Булган аймгийн Тэшиг сумын нутагт мэндэлжээ.

Монгол улс Олимпийн хөдөлгөөний их гэр бүлд 1962 онд нэгдэж, 1964 оноос баг тамирчдаа спортын их наадам болох Олимпийн наадамд оролцуулж эхэлсэн. Тэр цаг мөчөөс хойш Монголын баг тамирчид Олимпийн наадмаас 2 алтан медаль, 9 мөнгөн медаль, 13 хүрэл медаль хүртээд байна. Гэхдээ Монголын ард түмэн Олимпийн алтан медалийг 44 жил хүлээсэн. Олимпийн наадамд оролцсон үе үеийн тамирчид алтан медалийн үзүүрээс бариад алдаж байсан түүх бий. Тэгвэл энэхүү хүлээлтийг 2008 оны Бээжингийн Олимпийн наадамд Монголын баг тамирчид тэр дундаа жүдо, боксын спортын баг тамирчид эцэс болгосон. Энэхүү хүлээлтийг эцэс болгож Монголын ард түмний 44 жил хүлээсэн Олимпийн алтан медалийг авчирахад үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм бол боксын шигшээ багийн дасгалжуулагч Д.Банди юм.

Түүний тухай охин Б.Болормаа нь алс холын Швед улсаас ийнхүү дурсаж, эмгэнэл илэрхийлжээ.

Аав аа аааа. Ингэж дуудлаа ч эргэж ирэхгүйгээр та минь одов. Дахиж таныхаа хоолойг сонсохгүй болов, уулзана гэсэн минь, үрсээ дагуулаад очиж үнсүүлнэ гэсэн минь амлалт л төдий үлдэв. Охин минь гэж дуудан үрсийнхээ тоонд багтаасан миний хайрт аав монголын спортын од, Дамдинжавын Банди аав минь бурхан зүг одов. Олны дундаас онцолж, охин минь гэж өөриймсөж, энэ мөчөөс эхлэн чи миний охин би чиний аав гэсэн та минь хаачив.
Судсаар минь таны цус гүйгээгүй ч, зүрхэнд минь таны хайр мөнхөд байх болно аав аа. Надаар бахархаж, намайг хүлээх та минь үгүй болов, юутай гуниг, юутай харуусал. 
Дөрвөн жилийн өмнө та минь надаар ингэж бичүүлж.

Зангидсан нударга, атгасан гар хоёр ямар ялгаатайг
Замын хүнээс асуухгүй, тамын амьтад ч мэдэхгүй
Дусалсан хөлс, асгарсан цусны амтыг
Дуу болгож дуулахгүй, сүү болгож самрахгүй

Алдхан бие үрэгдэвч алдар үлддэг орчлонгийн
Аньсаган дотроос унагах нулимс шиг хэдэн үг байна
Аавын минь хананд өлгөөтэй хуучин ширэн бээлийний
Ханзарсан оёоосыг хэрэх учигтай зүү шиг шүлэг байна

Уур хилэн бус, ухаан чадлаараа нударга зангидсан
Өс хонзон бус, үнэн мөнөөр шударга ялсан
Цус нь судсандаа буцалж биеэ тойрохдоо бадрангуй гал болсон
Цөс нь цээжиндээ хөөрч, ялалтаа өргөөд амирлангуй тал болсон-монголын ширэн бээлийтнүүд

Ам зөрөхийн тоолонгоор нударга зангиддаггүй жудаг
Загас нь зөрсөн соёмбон доор эв зангидсан билэг
Атгасан гар шиг дэлхийн алгыг төөнөсөн монголынхоо
Алдарын бамбарыг өргөж наранд ноцоосон гавьяа

Шатрын хөлөг шиг дэвжээн дээр
Эрсэлж нүүсэн хүн-бэрс
Алганы хээ шиг дэлхий дээр
Эгцэлж боссон монгол эрс ээ

Зангидсан нударга, атгасан гар хоёрын ялгааг
Замын хүнээс асуухгүй, холын бурхад ч мэдэхгүй
Самсаа шархирч, зүрх омогшихын сайханыг
Дуу болгох ч багадана, суу алдар нь үлдэнэ ээ

Bandi Damdinjav
Та минь бурханы орондоо тайван нойрс доо. Замын холд очиж уулзаж чадаагүй арчаагүй намайгаа өршөө. Ум сайн магалан болтугай.
Үүрд санана дурсана.
Таны хайрт охин Бандийн Болормаа

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1111(202.179.30.194) 2018 оны 01 сарын 10

үхлээр хүртэл шоу шаачих юм аа сүүлдээ лайв хийдэг болох юм байна л аа. эцгээ гэж боддог бол хуцаж суухынхаа оронд эртхэн ирж асрах хэрэгтэй байж

0  |  0
Зочин(124.158.111.6) 2018 оны 01 сарын 10

Өргөмөл хүүхэд юм байх даа. Ум сайн амгалан болтугай.

0  |  0
Харамсалтай(66.181.161.26) 2018 оны 01 сарын 10

Ум сайн амгалан болтугай.

0  |  0
иргэн(150.129.140.188) 2018 оны 01 сарын 10

өргөмөл амьтад ийм байдаг төрсөн бол...

0  |  0
Top