Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа Лондонгийн олимпийн наадамд орох эрхээ лхагва гарагийн шөнө авч, Монголын тамирчдаас гурав дахь эрхийг авсан тамирчин болов. Түүнээс өмнө спортын хатан хаан гэгддэг хөнгөн атлетикийн марафон гүйлтийн тамирчин Б.Сэр-Од, Л.Отгонбаяр нар 2012 оны Лондонгийн олимпийн эрхээ аваад байгаа билээ. Тэрбээр АНУ-ын Форт Беннинг хотноо болж байгаа буудлагын "Дэлхийн цом"-ын тэмцээний эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны төрөлд оролцож урьдчилсан буудлагад 585 оноотой гуравдугаарт бичигдэн сүүлийн наймд шалгарсан бол шигшээ буудлагад 204,8 оноо авч нийт 789,8 оноогоор мөнгөн медаль хүртсэн юм. Энэ амжилт нь Монгол улсаа төлөөлөн Лондонгийн олимпод цэц мэргэнээ сорих боломжийг атгуулж байна. Харин тус тэмцээнд 2008 оны Бээжингийн олимпийн аварга Хятадын тамирчин 33 настай Чэн Ин дахин рекорд тогтоож, 796,7 оноогоор алтан медалийг өвөртөлсөн бол 20 настай Энэтхэгийн тамирчин Рахи Сарнобат 207,7 оноогоор хүрэл медалийн эзэн болж Лондон явах эрхийг гардан авлаа.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )