Бөртэ чонын өчил

2018 оны 01 сарын 11

Та бүхний сэтгэл оюуныг цэнгүүлэх  “Зиндаа найраг” буланг энэ өдрөөс эхлүүлж байна. Энэ удаад МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Лхамсүрэнжавын Ганзулын “Бөртэ чонын өчил” шүлгийг сонордуулъя.

Өгүүлэгч О.Батсүх.

Бөртэ чонын өчил 

Тэнгэрийг гэтэлж ирсэн
Азарган хөх чоно юм би
Тэндээс заяат Монголын
Алтан өвөг хүн юм би
Манан дунд бүдгэрсэн 
Эрт урьд юм би 
Манан дундаас үзэгдсэн
Үлгэр домог юм би
Мэлхийний нуруунд оршсон
Өрнө намайг хилэнт болгож
Дэлхийг түлхэн бөмбөрүүлэгч
Дорнын уулс тэвчээр өгөв
Тортогтой хөх тооноор 
Нарыг хэсэглэн хувааж 
Хүн хүнд түгээсэн 
Тэнгэрийн элч юм би
Тогоотой сүүнд багтаан
Сарыг загсааж
Шөнийг гэрэлтүүлсэн
Дэлхийн гэгээрэл юм би
Хүн төрөлхтөний нүүдлээс 
Үлдэж хоцорсон
Өнчин дугуй мэт нарыг
Өнхрүүлж яваа юм би
Өргөн дэлхийг алдалсан
Эвэр саарал нум юм би
Өстнийхөө зүрхрүү ниссэн 
Дуут хүрэл зэв юм би
Газар шороо миний алтан амь юм
Алдвал би үхнэ
Гол мөрөн миний улаан гол юм
Гогодвол би үхнэ
Хилийн хөх уулсаа нуруулданхан шогшиж
Эрэлхэгээр амьдарч яваа юм би
Хэрчигдэж алдагдсан газар нутгаа үгүйлэнхэн гансарч
Элэгнээсээ эмтэрч яваа юм би
Сүүдрээ дуслуулан гүйсэн
Шархтай хөх чоно юм би
Сүүдрээ дуусвал үхэх
Шаналант хөх Монгол юм би


                     2015.11.08-11.14

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
самдан(66.181.160.90) 2018 оны 01 сарын 12

Сүүдрээ...юмуу.цусаа...юмуу... хэвлэлийн алдаа гарсан биш байгаа.

0  |  0
Top