“NHL, NBA-ийн тоглогчид мөнгөнд хахаж цацсан баячууд” мөн үү?

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 13

Спорт сонирхогчдын дунд “NHL, NBA-ийн тоглогчид бол мөнгөнд хахаж цацсан баячууд” гэсэн ойлголт түгээмэл байдаг. Гэвч үнэн хэрэгтээ тэд олон нийтэд зарлагдсан гэрээний үнийн дүнгийнхээ 30 орчим хувийг л гар дээрээ авдаг байна.Тухайлбал, 5.75 сая ам.долларын цалинтай “Монреаль Канадиенс”-ийн хамгаалагч Андрей Марков гар дээрээ 1.76 сая, “Эдмонтон Ойлерз”-той жилийн 2.5 сая ам.долларын гэрээ байгуулсан Наиль Якупов 767 мянгыг авч, үлдсэн нь татвар болон бусад зардалд явдаг ажээ. Хойд хөршийн sports.ru цахим хуудас NHL буюу Үндэсний хоккейн лигийн хамгийн түгээмэл цалин болох нэг сая ам.доллараар жишээ аван тайлбарлажээ.

              Нэг сая ам.доллар бол Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн хамгийн түгээмэл цалин. Сард 5-10 сая ам.доллар халаасладаг цөөн хэдхэн сайчууд талбайд ихэнх цагийг өнгөрүүлж, тэр хэмжээгээрээ цалин пүнлүү нь өндөр байдаг. Харин багийн бараг талаас илүү нь нэг сая ам.долларын цалинтай “алтан дундаж”-ууд. Тэдний амьдрал олны төсөөлдөг шиг тийм ч хангалуун бус ажээ.

              Тоглогч нэг сая ам.доллараасаа юун түрүүнд 180 мянгыг нь NHL-ийн эскроу дансанд байршуулах ёстой. Гэхдээ энэ мөнгийг улирал дууссаны дараа буцааж авч болдог. Үлдсэн 820 мянгын 50 хувь нь татварт “явж” 410 мянга үлдэнэ. Агентад дөрвөн хувийн хөлсийг төлсний дараа 377 мянга үлдэж, дасгалжуулагч, бэлтгэлжилтэд зарцуулах зардлыг хасаад ердөө 307 орчим мянга л хоцордог байна. Гэтэл баталгаатай гарах зарлага үүгээр дуусахгүй.

Олон тоглогчтой харьцаж үзсэн, тамирчдын орлого алган дээр нь байгаа мэт илхэн байдаг нэгэн агент “Хоол, хувцасанд сард 3000, хүлээн авалт, бэлэг сэлт гэх мэт төлвлөгдөөгүй зардалд 3000 ам.доллар найдвартай гарлагаддаг. Ихэнх тамирчид хувьдаа машинтай байдаг учраас жилд 25 мянгыг төмөр хүлэгтээ зарцуулдаг. Ингээд эцсийн дүндээ 200 мянга хүрэхтэй үгүйтэй мөнгө л үлддэг юм даа. Гэхдээ энэ бол ганц бие тоглогчийн зардлын тайлан. Хэрвээ гэр бүлтэй бол байр хөлслөх шаардлага гарна. Би сард 15 мянган ам.доллараар байр түрээсэлдэг олон тамирчин мэднэ. Тэд 10 сараар мөнгө төлөх сонирхолтой байдаг ч түрээслүүлэгч мөнгөө 12 сараар бодож авдаг. Эргэн тойронд нь дандаа баячууд, баяр ёслол болж байдаг болохоор тоглогч мөнгөө нэг үрээд эхэлчихвэл цалин нь юу ч болохгүй. Тийм ч учраас цалингаас нь шууд эскроу дансанд мөнгө байршуулдаг учиртай. Хөгжөөн дэмжигчид тамирчдыг маш их цалин авдаг гэж боддог, харин тоглогчид цалиндаа үргэлж сэтгэл хангалуун бус байдаг юм даа” хэмээн өгүүлжээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top