Берлинд болох олон улсын тэмцээнд Өмнөговийн хүүхдүүд оролцоно

2018 оны 01 сарын 22

 

U16 тэмцээнд оролцохоор Өмнөговийн баг тамирчид өчигдөр явсан. Ирээдүйтэй ирээдүй клубын багш, тамирчиддаа амжилт хүсье. 

Өмнөговь аймгийн Биеийн тамир спортын төрөлжсөн сургалттай сургуулийн багш Б.Өлзийбатын санаачлан байгуулсан “Ирээдүй клуб”-ын тамирчид гурван жилийн хугацаанд уйгагүй бэлтгэл хийсний үр дүнд U15 болон U18 насны улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль авснаар Өмнөговь аймагт тасраад байсан сагсан бөмбөгийн медалийн буухиаг 30 жилийн дараа үргэлжлүүлж чадлаа.

Сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах U15 тэмцээнд нийт эрэгтэй 27 баг 8 хэсэгт өрсөлдсөнөөс “Ирээдүй клуб”-ын тамирчид амжилттай оролцож 7-р сургуулийн 9б ангийн сурагч Б.Дашням, 1-р  сургуулийн 9-р ангийн сурагч Х.Билгүүн, 7-р сургуулийн 8б ангийн сурагч Б.Барсболд нарын гурван хүүхэд Берлин улсад болох дэлхийн хүүхдийн олон улсын тэмцээнд оролцох эрх авсан бол нэг хүүхэд шилдэг тоглогчоор шалгарч багаараа гуравдугаар байранд орсон байна.   

Мөн дасгалжуулагч багш Б.Өлзийбатыг энэ удаагийн тэмцээнд тамирчдаа сайн бэлтгэж оролцож гаргасан амжилтуудыг нь Монгол улсын сагсан бөмбөгийн холбооноос өндрөөр үнэлж “Шилдэг дасгалжуулагч” цолоор шагнажээ

Дасгалжуулагч Б.Өлзийбат хэлэхдээ “Өмнөговь аймагт Биеийн тамирч спортын төрөлжсөн сургуультай болсон нь биднийг энэ амжилтыг үзүүлэхэд их түлхэц боллоо. 7 хоногт 4 удаа бэлтгэл хийснээр хүүхдүүд илүү хурдан сайжрах боломжтой бүрдсэн. Улсын аваргын анхны медалиа авсны зэрэгцээ ирэх гуравдугаар сард Берлинд болох олон улсын тэмцээнд оролцох зорилгоо биелүүлсэндээ их баяртай байна” гэв.

Берлинд болох тэмцээнд оролцох эрх авсан хүүхдүүдийн сэтгэгдлийг хүргэе.

 

7-р сургуулийн 9б ангийн сурагч Б.Дашням: Бидний төлөө нойр хоолгүй ажилладаг Б.Өлзийбат багшдаа маш их баярлалаа

Есөн дүүрэг, 21 аймгийн 30 гаруй баг тамирчдаас манай аймгийн баг тамирчид гуравдугаар байранд орж хүрэл медаль авсан. Багуудын хувьд маш сайн бэлтгэлтэй хүчтэй өрсөлдөөнтэй тэмцээн болсон. Манай баг хэсгээсээ 2-оор гарч нугалаан дээрээ Эрдмийн өргөө цогцолбор болон Чингэлтэй дүүргийн багийг хожиж, Багануурт дүүрэгт хожигдож, хүрэл медалийн төлөө Сити клубын тамирчидтай тоглож хожилт авсан. Улсын аваргын тэмцээнд 5 дахь удаагаа оролцож байж медаль авлаа. Берлинд болох тэмцээнд явахдаа бэлтгэлээ л маш сайн хийнэ гэж бодож байна.

Үргэлж тусалж дэмждэг гэр бүлийнхэндээ болон бидний төлөө нойр хоолгүй ажилладаг Б.Өлзийбат багшдаа маш их баярлаж байгаагаа хэлье.

1-р  сургуулийн 9-р ангийн сурагч Х.Билгүүн: Багш маань бидний төлөө ажилласаар гэртээ байх хугацаа нь бага байдаг

Өмнөговь аймаг 1988 онд улсын тэмцээнээс мөнгөн медаль авч байсан юм билээ. Үүнээс хойш буюу 2018 онд манай баг тамирчид улсын тэмцээнээс хүрэл медаль авснаар 30 жилийн дараа медалийн буухиаг аймагтаа авчирлаа. Нэг баг гэдэг нэг хүн шиг л байна гэсэн үг. Бид өглөө 6 цагт цуглаж, бэлтгэлийг сэтгэлээсээ хичээж хийдэг байсан. Үүний маань үр дүн гарлаа гэж бид бодож байна. Багийнхандаа бүгдэд нь баяр хүргэе. Багшийн маань хувьд ажлынхаа хажуугаар давхар бидний бэлтгэлийг хийлгэдэг. Бидний төлөө ажилласаар гэртээ байх хугацаа нь бага байдаг. Багшийнхаа ачаар л бид энэ хүрэл медалийг авсан. Багшдаа маш их баярлалаа.

7-р сургуулийн 8б ангийн Б.Барсболд: Олон улсын тэмцээнд багаараа оролцож амжилт гаргахыг зорьж байна

Би ганцаараа мундаг байна гэж юу байхав. Манай багийнхан бүгдээрээ нэг хүн шиг байж чадсан. Үүний л үр дүнд бид 30 жилийн дараа аймагтаа улсын аварга шалгаруулах тэмцээний медалийг дахин авч ирж чадлаа. Бидний цаашдын зорилго бол Олон улсын тэмцээнүүдэд багаараа оролцож амжилт гаргах.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Baatar erdene(202.21.119.125) 2018 оны 01 сарын 22

Ulzii bagshdaa bolon huuhduud dee amjilt husie

0  |  0
Top