“ОДДЫН ГЭРТ" булангийнхаа ээлжит дугаарыг уншигч танд хүргэж байна. Бид энэхүү булангаараа олны танил эрхмүүдийн гэрт нь очиж ярилцдаг билээ. Энэ дугаарынхаа зочноор Монголын загварын ертөнцийн томоохон төлөөлүүд болох загвар өмсөгч Э.Энхболдын гэр бүлийг урилаа.
-Сүүлийн үеийн ажил, амьдралын сонин сайхнаас нь ярилцлагаа эхлүүлье гэж бодож байна?
Э.Энхболд: Юуны өмнө уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. 2018 он гараад удаагүй байна. Монгол тооллоороо удахгүй шинэ он гарах гэж байна. Монголчууд маань ажил төрөл, цагаан сарын бэлтгэл гээд хувь хувьдаа завгүй байгаа байх. Гадаа ч гэсэн тачигнаад маш хүйтэн байна. Монгол хүн хүйтрэх тусам улам жавхааждаг гэдэг дээ.
“Говь” компанитай гэрээтэй хэвээр, ажиллаж байна.“V.R” хамтлагийн хувьд гишүүд бид одоогийн байдлаар тус тусын ажлаа хийгээд уран бүтээлээ түр хойшлуулсан байгаа. Гэхдээ уран бүтээлээ бүр орхиж байгаа юм биш. Цаг нь болохоор шинэ уран бүтээлүүд гаргана. Хамтлагийн гишүүд болох Дамдинцэрэн маань Соёлын газрын дарга болсон, Билгүүн “Гэрэлт гудамж” төслийг ахалдаг. Галбадрах бид хоёр энтертаймант салбартаа дөрөө нийлүүлээд ажиллаж байна.
Д.Отгонжаргал: 2017 он манай гэр бүлийн хувьд чамгүй олон ажлыг хийж гүйцэтгэхээр зүтгэсэн их ажлын жил байлаа. Тавьсан гол зорилтоо эхлүүлж, тодорхой хэмжээнд биелүүлсэн. Монгол дахь “O couture” хувцас, загварын брэндээ Өвөрмонголын зах зээлд Хубилай хааны Чамбай хатны нэрээр нэрлэсэн “Cabi” брэндээ гаргаж, шинэхэн дэлгүүрийнхээ нээлтийг хийгээд ирлээ. “Cabi” брэндийн нээлтийн шоунд Summer, autumn 2017 collection болон шинэ жилийн "O Couture High fashion" show гэсэн гурван коллекцоос бүрдсэн 60 гаруй загвар танилцуулагдсан. Өвөр монголчууд маань халуун дотноор угтаж авсанд бид бүхэн туйлын их баяртай байна.
-Өвөрмонголын зах зээлийг сонгосон шалтгаан нь юу байв?
Э.Энхболд: Би Хөх хот руу өмнө нь нэлээн олон удаа очиж байсан. Очих бүртээ л олон шинэ найз нөхөдтэй болдог. Өвөрмонголчууд их халуун сэтгэлтэй хүмүүс гэж хувьдаа боддог. Монгол өв соёл, уламжлалаа хадгалж ирсэн ард түмэн учир ихэд хүндэлдэг. Биднийг маш сайхан хүлээж авсан. “Яг түүн шиг” шоунаас хойш тийм уур амьсгалтай үзэгчид хараагүй удсан байсан. Санасан, санагалзсан танил мэдрэмж байсан шүү.
-Гэр бүлээрээ загварын салбарт ажилладаг учраас бие биенээ сайн ойлгодог нь та хоёрын амжилтын нэг үндэс болов уу?
Э.Энхболд: Тийм шүү. Хүн болгон өөр өөр орчинд өсөж, хүмүүждэг болохоор нэг гэрт ороод хамт амьдрахдаа зөндөө олон ялгаагаа мэдэрдэг. Тодорхой цаг хугацааны дараа нэг бүхэл болж, бие сэтгэлээрээ нэгдэн нэг хүсэл тэмүүлэлтэй болчихдог гэдгийг надаар хэлүүлэлтгүй залуус маань мэдэж байгаа байх. Мэдээж нэг зорилгын төлөө нэг салбарт хамтдаа зүтгэж байгаа нь их амар байдаг. Зарим үед ойлголцохгүй зүйл гарна, гэхдээ л ямар ч үед бие биенийхээ дундуурыг дүүргэж, дутууг нөхөөд л явж байна.
-Таны эхнэрийн хувьд загварын ертөнцөд багагүй хугацааг өнгөрөөж байгаа байх?
Э.Энхболд:Миний гэргий 2003 оноос хойш “Урлах эрдэм” дээд сургуульд багшилсан. “O Couture” хувцас салоныг 2014 онд үүсгэн байгуулсан. Монголын хувцас загварын чиглэлээр урдаа барих том сургуулийн бүтээгдэхүүн, мөн өөрөө олон чадварлаг шавь нарыг төрүүлсэн байдаг. Тухайн үед UB fashion week гээд загварын томоохон шоу болдог байсан. Загвар сонирхдог залуучууд бүгд л мэдэх байх. Тэр үед Отгонжаргал дизайнер, хамтрагч Нямцэцэгтэйгээ шуугиулдаг байлаа шүү дээ. Монголын урдаа барих дизайнеруудын нэг эхнэрээрээ бахархаж явдаг. Мэдээж хувьдаа гарснаас хойш маш олон зүйлийг хийж бүтээсэн. Үүний нэг жишээ нь “O Couture” брэнд.
-Сар шинэ дөхөж байгаа энэ үед рекламын саналуудад хэр дарагдаж байна?
-Э.Энхболд: Би зорьсон ажлынхаа эцсийг нь үздэг тууштай зан чанартай. Тэр утгаараа загварын салбартаа үнэнчээр 10 гаруй жил ажиллаж байна. Ажлын санал огт тасардаггүй. Намайг загвар өмсөгч Энхболд гэхээс илүү “Говь” брэндийн Энхболд гэдгээр хүмүүс илүүтэй мэддэг. 2008 оноос миний загварын карьер эхэлсэн байдаг. Тэр үеэс л “Говь” брэндтэйгээ хамт эхэлж, өнөөдрийг хүртэл хамтарч ажиллаж байна. Монголыг дэлхийд сурталчилж байгаа үндэсний үйлдвэрлэгч компанийн дүр төрхөөр олон жил ажиллаж байгаадаа баяртай байдаг. Гэрээний хувьд ирэх жилийн сүүлээр дуусгавар болно. Цаашдаа хамтран ажиллах эсэхийг мэдэхгүй байна. “Говь” брэнд бол Монголын брэндээс гадна дэлхийд танигдсан том брэнд. “Говь” гэдэг нэрний ард маш олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл зүрх бий, тэр хүмүүсийн нэгэн эд эс нь болоод байгаадаа бахархдаг шүү.
-Танай байр их сайхан сэтгэгдэл төрүүлмээр юм? Өрөөнүүдээр нь явж танилцаж болох уу? Таныг гарын ур дүйтэй гэдгийг “Танайд хоноё” нэвтрүүлэгт орсны дараа хүмүүс мэдсэн байх. Гэрийнхээ зарим тавилгыг өөрөө хийсэн гээд л...
Э.Энхболд: Ер нь би багадаа эвлүүлдэг тоглоомоор их тоглодог хүүхэд байсан. Ингэхдээ өөрөө сэтгээд машин, байшин гэх мэтчилэн янз бүрийн зүйлийг бүтээдэг, хийсэн зүйлсээ яаж гоё харагдуулах уу, яаж бат бөх байлгах уу гээд л олон талаас нь боддог сониуч зантай хүүхэд байлаа. Тэрхүү бүтээлч сэтгэлгээний маань үргэлжлэл одоо ч гэсэн явж байна.
Нөгөө талаар тавилгаа захиалгаар хийлгэх гэхээр мөнгө их ордог, хийснийх нь дараа сэтгэлд нийцдэггүй гэхчилэн шалтгаануудаас үүдээд өөрөө хийх нь амар санагддаг. 2011 оноос хойш бараг барилгачин болж байна даа. Гэрийнхээ, салоныхоо бүх засварыг өөрсдөө хийсэн. Найзууд маань ч надаас суралцаж хувь хувьдаа гэртээ засвараа хийсэн байдаг. Одоо ч муугүй мужаан болж байна даа.
-Ажлын өрөөн дахь энэхүү тавилгаа өөрөө хийсэн үү?
Э.Энхболд: Тийм ээ. Тавилгаа өөрөө хийсэн гэхээр их гайхаж хүлээж авдаг. Тавилгаа хийхээс өмнө эхлээд зургаа гаргадаг. Үүний дараа 100 айл руу очиж материалаа зүсүүлж, бэлдүүлээд шаардлагатай нэмэлт зүйлсийг худалдаж аваад гэртээ авчраад зургийн дагуу угсардаг.
-Энэ хэсэгт цагаан өнгийг илүүд үзсэн байна. Цэвэрхэн харагдаж байна шүү, тийм ээ?
Э.Энхболд: Эхнэр бид хоёрын хувьд ижил төстэй зүйл их бий. Хоёулаа цагаан өнгөнд дуртай. Цагаан өнгөний бэлгэдэл нь ч таалагддаг. Мөн орчныг цэлгэр, уужуу харагдуулдаг. Манай урлангууд ч гэсэн дандаа л цагаан өнгөтэй.
Д.Отгонжаргал: “Танайд хоноё” нэвтрүүлэг гарсны дараа хөшгөө хаанаас сонгож авсан бэ гэсэн мессеж маш их ирсэн. Ажлын өрөөний хөшгөө тавилгуудтайгаа нийцүүлэн цагаан өнгийг сонгосон. Материалын хувьд хамба. Мөн сувдан чимэглэлтэй. Бид хоёр загварын хүмүүс учраас чамин зүйлсийг илүүд үздэг.
-Энэ гэрэл зураг ихэд таалагдлаа. Анх аав, ээж болж байсан үеийнх үү?
Д.Отгонжаргал: Тийм ээ. Охиноо төрсний зургаан сарын дараа авахуулсан зураг. Энэ зургандаа ихэд хайртай.
-Анхны бүхэн тодхон байдаг шүү дээ. Анх аав болсон тэр мэдрэмж ямар байв. Залуухан аав болсон байх шүү?
Э.Энхболд: 23 настай аав болж байсан. Тухайн үед их л хариуцлага мэдрэгдэж байсан.
-Та хоёр хэдий хэр хугацаанд дотноссоны дараа нэг гэрт орсон бэ?
Э.Энхболд: Бид хоёр танилцаад бараг гурван жилийн дараа нэг гэртээ орсон.
-Та хэвлэлд өгсөн нэг ярилцлагадаа охиноо төрүүлсний дараа нэлээд жин нэмж мэдээ, тэрний доорх сэтгэгдлүүдийг уншаад уйлдаг, гомддог байлаа. Нөхөртөө “Салъя” гэж хэлж байсан гэж ярьсан байсан. Одоо бол харьцангүй дархлаа суусан байх?
Д. Отгонжаргал: Эмэгтэй хүн төрсний дараа хүүхдээ хараад гэртээ нэг хэсэг байдаг даа. Эмэгтэй хүмүүс л ойлгох байх, хэнд ч хэрэггүй амьтан болчихсон ч юм шиг санагддаг тийм эмзэг үе байсан. Тэр үед олон янзын мессежүүдийг уншаад сэтгэлээр ихэд унадаг байлаа. Одоо бол тоохоо больсон доо. Тухайн үед залуу хосууд, итгэлцлийг 100 хувь олж авч чадаагүй байсан. Өнөөдрийн хувьд бид илүү бие биедээ итгэдэг, нөхрийгөө ойлгодог, элдэв янзын яриа цуурхал гарахад нөлөөлөх хүчин зүйл нь бидэнд бага болсон, харьцангуй дархлаатай болсон гэх үү дээ.
-Та хоёрын хувьд ном хэр уншиж байна вэ?
Э.Энхболд: Би ч ном унших тал дээр маруухан, уншиж бараг амждаггүй. Унших гэхээсээ үзэж харж, сонсохыг илүүд үздэг. Манай хүний хувьд ном унших дуртай.
Д.Отгонжаргал: Миний хувьд уран зохиол, сонгодог бүтээлүүдэд маш их дуртай. Гэртээ номын сантай болно л гэж боддог.
-Сүүлийн үеийн хүүхдүүд ном унших нь багаслаа гэж хүмүүс ярьдаг. Хүүхдийг номонд дуртай болгохын тулд багаас нь ном, үлгэр уншиж өгч байвал хүүхдүүд аяндаа номонд дуртай болж хүмүүждэг гэдэг юм билээ.
Д.Отгонжаргал: Манай хүүхдүүд одоо үсгээ үзээд дөнгөж л сурч эхэлж байна. Номонд дуртай болгочих юмсан гээд хичээдэг. Өөрсдөө л үлгэр дуурайлал болох хэрэгтэй гэж боддог.
-Зочны өрөө рүү нь оръё. Яагаад номин ногоон өнгийг сонгосон бэ?
- Д.Отгонжаргал: Ногоон өнгө дулаахан, зөөлхөн байгалийн өнгө. Их ажлын дараа гэртээ ирээд л тайвширч цагийг өнгөрүүлдэг учраас өнгө сэтгэлзүйд их нөлөөлдөг гэж боддог. Бид хоёр аливаа зүйлийг хийхдээ хоорондоо зөвлөлдөж байж шийддэг. Эргээд харахад, гэртээ их зүйлийг өөрчилсөн байна. Салоноо нээснээс хойш багагүй нүүдэл хийсэн. Тэр болгонд орчноо сайхан тохижуулаад явдаг байлаа. Анхны амьдарсан байр маань мкв бага ч гэсэн бид хоёр орон зайг зөв ашиглаж, хоёр гурван өрөө байр юм шиг харагдуулахаар засвар хийж байсан. Найзууд ирэхээрээ “Энэ жижиг байрыг яаж ингээд өөрчилчихөв өө” гэдэг юм. Удалгүй дараа нь салоноо байгуулсан. Салоныхоо засварыг бас манай хүн өөрөө гардаж шүүгээ, тавиуруудыг нь хийсэн. Гарын их дүйтэй. Энэ хэрээр одоо улам туршлагатай болсон. Ер нь жижиг сажиг зүйл гэлтгүй хийгээд байх тусам л улам туршлагатай, мэргэжлийн хэмжээнд хийдэг болсон. Хамгийн сүүлд Шангрила моллын салбар дээр ажилласан. Хамтдаа сууж зураг төсөл, загвараа яриад л гүйцэтгэлийг манай хүн өөрөө хийчихдэг болсон. Сүүлдээ хоёулаа барилгын засварчин, засал чимэглэлийн компанитай болох уу гээд л нэгнээрээ тоглож ярина.
-Энэ байрандаа хэзээ нүүж орсон бэ?
- Д.Отгонжаргал: Өнгөрсөн дөрөвдүгээр сард нүүж ирсэн. Манай гэр интерьер дизайнтай гэхээсээ илүү орон зайг зөв ашигласан. Мөн ямар ч дизайн, интерьер хийхэд хамгийн түрүүнд өнгөний сонголт, хослолыг шийдэх хэрэгтэй болдог. Эцсийн эцэст өнгөө зөв сонгож, ашиглаж чадах юм бол өрөө тасалгаа загварлаг, зохилдлоготой, эмх цэгцтэй, нүдэнд дулаан харагдана гэж боддог шүү. Энэ дагуу л гэрээ тохижуулсан.
-Өнгөрсөн хавар “Яг түүн шиг” шоунд маш амжилттай оролцож улмаар түрүүлсэн. Тус шоу загвар өмсөгч Энхболдыг дахин өөр талаас нь харуулж чадсан шүү?
Э.Энхболд: Тийм ээ. Загварын ертөнцөд 12 жил ажиллалаа. Загвар өмсөгч Энхболд гэдэг дүр төрхөөсөө жаахан уйдчихаад байсан. Өөрийгөө хүмүүст арай өөрөөр харуулах юм сан гэсэн нууцхан хүсэл тээж явсан юм. Яг тэр үед энэ шоунд оролцох санал авч, зөвшөөрсөн. “Боловсрол” телевизийн хамт олондоо маш их хайртай, хүндэлдэг. 2011 оноос хойш "Боловрол" телевизийнхэнтэйгээ хамт байгаа. Тухайн үед “Глобол сео” гээд бизнесийн нэвтрүүлэгт нь орж энэ үеэс танилцсан. Түүнээс хойш байнгын л холбоотой хамтран ажилладаг.
-Загвар өмсөгч болох нь багийн мөрөөдөл байсан уу?
Э.Энхболд:Модель болъё гэж бодож байгаагүй. Санамсаргүй байдлаар орж ирсэн. Надтай хамт энэ салбарт орж ирсэн залуучуудын ихэнх нь замын дундаас буцсан. Ганцаараа шахуу л салбартаа үлдсэн байна.
-Загвар өмсөгчдийг толгой хоосон, баян хүний хэтэвч рүү өнгийж амьдардаг гэсэн сөрөг имиж нийгэмд бий болсон. Мэргэжил боловсролгүй, айлын эрх хүүхдүүд загвар өмсөгч болдог мэт ярьдаг. Дотор нь байдаг хүний хувьд эмзэглэнэ л биз?
Э.Энхболд: Уулын мод урттай, богинотой. Би ер нь аливаа зүйл дээр нэг тал руу туйлшраад өөрийнхөө үзэл бодлыг зөв гэж тулгадаггүй, тэгэхийг ч хүсдэггүй. Гэхдээ хүн болгон дотроо бодолтой, доороо суурьтай. Хэн, юу бодож энэ салбарт орж ирээд ямар хандлага үзүүлж байгааг цаг хугацаа л харуулна. Амьдралын хүнд бэрхийг мэддэг, анзаардаг хүмүүс хүнийг шууд дүгнэж, элдвээр ярьдаггүй гэж боддог. Тэгэхээр санааны зоргоороо ярьдаг хэлдэг хүмүүс өөрсдөө нэгийг тунгааж эргэцүүлж харах шаардлагатай л байх даа. Миний хувьд эхнэртэйгээ бүх зүйлийг нойлоос нь л эхлээд амьдралаа босгох гээд чадан ядан явж байна.
-Бурхан тахилын хэсэгт ирсэн байна. Танай гэр бүл хэр шүтлэгтэй вэ?
Д.Отгонжаргал: Залуу хүмүүс гэхэд ер нь их шүтлэгтэй шүү. Өглөө бүр цайныхаа дээжийг өргөнө, орой унтахдаа долоон бурхандаа залбирдаг.
Э.Энхболд: Хүн давшгүй хүчин зүйлтэй тулгарсан үедээ бурханд ханддаг гэдэг. Эргээд харахад, бид хоёрын өнгөрсөн 10 жил тийм ч шулуун дардан байгаагүй ээ. Маш олон том асуудлын ард хамтдаа гарсан. Тийм ч учраас бид хоёр аливаа зүйлд хөнгөн хандаж, омголон байхаа больсон. Шашин шүтлэгтэй байх нь буруудахгүй гэж боддог.
Д.Отгонжаргал: Тухайн жилдээ заслаа заавал хийлгэчихдэг. Улиралдаа нэг очиж ном уншуулдаг. Хүн гэдэг сэтгэлийн амьтан шүү дээ. Номын дуу сонсохоор цаанаа л нэг сайхан болчихдог.
Э.Энхболд: Би зав гарвал байнгын уул хадаар явна. Сүүлийн хоёр жил Бурхан халдун хайрхан дээрээ бараалхаж байна. Өнгөрсөн жил бидний гаргасан уулын жимээр залуучууд гарсан байсан.
-Бөө шүтдэг үү?
-Энхболд: Манай хамаатны хүүхэд онгод сахиустай болсон гээд очиж л байсан. Бид хоёрын хувьд нэг зүйл рүү хэтэрхий их туйлширдаггүй. Тодорхой хэмжээнд нь тааруулаад явдаг гэх үү дээ.
- Бид унтлагын өрөөгөөр нь зочиллоо-
-Ялангуяа унтлагын өрөө бол бидний бүтэн өдрийн ядаргаа, алжаалыг тайлах газар. Тиймээс өөрийн хүссэнээр, өөрт тухтай байдлаар унтлагын өрөөгөө зассан болов уу.
Э.Энхболд: Тэгэлгүй яахав. Хүн амьдралынхаа гуравны нэгийг орондоо унтаж өнгөрөөдөг гэдэг байх аа. Иймээс унтлагын өрөөний зохион байгуулалт нүдэнд тааламжтай байх ёстой гэж бид хоёр ярилцаад ийм загвар шийдлээр тохижуулсан. Хөх хотод байрласан зочид буудал маш гоёор монгол интьерерийг гаргасан байсан л даа. Тэндээс энэ хананы санааг авсан. Эдгээрийг хийхэд мэдээж би ганцаараа хийгээгүй. Миний төрсөн дүү, эхнэрийн маань ах дүү нийлээд дөрвүүлээ энэ засварын ард гарсан. Мөн 100 айлд байдаг Монгол тавилгын дэлгүүрийн найзууд тусалсан. Хувцас загварын хувьд ч тэр гурваас илүү өнгө холих нь зохисгүй гэж үздэг. Тэр ч утгаараа 2-3 өнгөөр л шийдэж өгсөн.
Д.Отгонжаргал: Би обжураа сонгосон. Ер нь обжур сонгох их хэцүү юм билээ. Яг үйлдвэр дээр нь очвол олон сонголттой байж магадгүй. Уг нь ягаан өнгийн обжур хайсан ч олдоогүй. Тэгээд эцсийн мөчид усан ягаан талдаа өнгө болсон.
-Материалын хувьд үйтэн хуар шиг харагддаг юм байна. Уламжлалт хэв маягаа орчин үетэй хослуулсан харагдаж байна шүү?
Д.Отгонжаргал: Би өөрөө ийм төрлийн сонгодог хэв маягт дуртай. Ажлын газраа ч гэсэн сонгодог хэв маягаар тохижуулсан.
-Өдрийн ихэнх цагийг хамтдаа өнгөрөөнө биз?
Д.Отгонжаргал: Бид хоёрыг хүмүүс хамт ажилладаг гэж ойлгоод байдаг. Гэтэл өглөө гараад орой л гэртээ уулздаг. Тийм болохоор байнга нухацтай ярилцах зав байдаггүй. Ер нь аливаа ажлын төлөвлөгөөгөө урьдчилан ярилцчихдаг болохоор байнга хамт байхгүй ч гэсэн тус тусдаа хийх зүйлээ хийгээд явдаг.
Э.Энхболд: Манай хүн чинь үйлдвэр дээрээ зураг дизайнаа гаргаад, бүтээгдэхүүн дээрээ анхаарч ажилладаг. Миний хувьд гадуур уулзалт ихтэй, маркетинг талаа хариуцдаг. Гадуур их явдаг болохоор “Улаанбаатар хот миний тоглоомын талбай” гээд нэг хэсэг хошигнож ярьдаг байлаа. /инээв/
Д.Отгонжаргал: Нөхөртэйгөө хамт явахаар түгжирнэ гэж байхгүй, байрны дундуур, сийрэгхэн замаар сүлжээд сүлжээд л явчихдаг. Ер нь хотын бүх нүх сүвийг мэддэг. Харанхуй байсан ч гэсэн ямар нэгэн газар очиход хайгаад байхгүй, шууд л оччихдог. Гэтэл таксинд суухаар сүүлдээ бухимддаг, түгжирнэ, эсвэл болохгүй газар очоод нам зогсчихдог. Нөхөртэйгээ явахаар тийм асуудал байдаггүй. Тэгээд нөхрөө байнга урамшуулна миний хайр ёстой мундаг гээд л . /инээв/
-Та хоёр хэр романтик вэ. Болзож, зугаалах цаг зав өөрсдөдөө харамгүй гаргана л биз?
Д.Отгонжаргал: Одоо болзоно гэхээр инээдтэй санагддаг болсон байна лээ. Бид хоёр нэг удаа болзлоо. Гэтэл ажил ярьсаар байгаад, сүүлдээ бараг маргалдаад, за гэртээ харья гээд гараад ирсэн.
Э.Энхболд: Ер нь дөрвүүлээ байхдаа гоё байж чаддаг. Яг хоёулаа хамт болзохоор ажил, амьдрал яриад явчихдаг. Өөр ярих сэдэвгүй болоод шууд л ажил ярих гээд байдаг.
-Анх яаж танилцаж байв, тэр үеийн дурсамжаа эргэн санавал?
-Д.Отгонжаргал: 2008 онд танилцсан. Би тэр үед “Урлах эрдэм” дээд сургуульд багшилдаг байлаа. Тус сургууль жил бүр “Улаанбаатар” загварын долоо хоногийг зохион байгуулдаг. Тэр жил би уг шоунд эрэгтэй хувцасны цуглуулгаар оролцсон. Монголын бараг бүх л эрэгтэй загвар өмсөгчдийг цуглуулж, шалгаруулж байж шоундаа оролцуулсан юм. Тэр дунд Энхболд байсан. Өмнө нь харж байсан ч тэр шоуны үеэр л бид анх танилцсан.
Э.Энхболд: Манай хүн чинь Монголдоо л анх удаа эрэгтэй хувцасны цуглуулга урлаж шоу хийсэн шүү дээ. Загвар өмсөгч Х.Бадамгэрэл бид хоёр нэг нэгнээ шоолдог юм. Манай хүн загварын шоугаа хийхийн тулд эрэгтэй загвар өмсөгчдийн дунд шалгаруулалт хийж, тэр дундаасаа намайг сонгосон. Тэндээс бидний харилцаа улам гүнзгийрч гэр бүл болсон. Харин дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр “My love” дууныхаа клипэнд тоглуулахаар эмэгтэй загвар өмсөгчдийг шалгаж, тэднээсээ Х.Бадамгэрэлийг сонгосон юм билээ. Одоо тэд бас л гэр бүл болсон. “Хоёулаа л сонгон шалгаруулалтад орж байж ханиа олж дээ” гээд инээдэг.
-Анх хараад төрсөн сэтгэгдэл?
Д.Отгонжаргал: Манай хүний биеийн галбир их гоё. Сайхан залуу байна даа гэж харж байсан.
-Та хоёрын хайрын романс ингэж л эхэлжээ. Отгонжаргал араасаа хэр удаан гүйлгэв?
Д.Отгонжаргал: Манай хүн чинь аливаа зүйлд их тууштай. Тэр зангаараа араас удаан гүйсэн шүү.
Э.Энхболд: Эхнэрээсээ өмнө охинтой үерхэж байсан туршлага надад байгаагүй. Анхны найз охинтойгоо гэр бүл болсон.
-Загвар өмсөгчдийг эсрэг хүйстний хүчтэй шохоорхол, хандлага байнга дагаж байдаг.Үүнд өртөөгүй гэж үү?
- Э.Энхболд: Өмнө нь охинтой яагаад үерхдэггүй байсан гэхээр эр хүн эхлээд санхүүгийн чадамжтай болох хэрэгтэй. Найз охиноо таксинд суулгачихдаг, хоолонд оруулж, кино үзүүлчих хэмжээний байх хэрэгтэй гэж боддог. Энэ үзэл бодол бүр жаахнаас суучихсан байсан. Ажил төрөлгүй, дөнгөж 10 жилээ төгссөн хүүхдэд мөнгө байхгүй шдээ.
Моделийн карьер эхлээд, бага хэмжээний орлоготой болсон. Одоо л найз охинтой болъё гэж бодож байх үедээ эхнэртэйгээ танилцсан. Тэр үед би 20-той л залуу байсан. Анх танилцахдаа насаа нэмээд 23-тай гээд хэлчихэж билээ. Нөгөө 23 нас нь хэдэн жил огт өөрчлөгддөггүй, тэгээд охиноо төрдөг жил яг жинхэнээсээ 23-тай гэж хэлсэн. /инээв/
-Эхнэр тань мэдээд хэрхэн хүлээж авав. Их л хэрсүү зантай байж дээ?
Э.Энхболд: Бүх зүйл өнгөрсөн үед яаж ч болохгүй шдээ. /инээв/ Би багаасаа бие даасан, амьдралын олон зүйлийг үзэж харж өссөн. 10 жилээ төгссөн даруйдаа ажил хийхээр Чехд хагас жил гаруй ганцаараа амьдраад ирсэн. Үеийнхээ залуучуудаасаа арай эрт төлөвшсөн гэх үү дээ. Чехд үйлдвэрт ажиллаж амьдрал ямар байдгийг харьцангуй эрт ойлгочихсон үе. Түүний дараа монголдоо ирээд боловсрол мэдлэг зайлшгүй шаардлагатай юм байна, үүний хажуугаар хүсэл мөрөөдөл, сонирхлоо орхихгүй явах хэрэгтэйг гээд загвараа хослуулсан. Анхандаа загвар өмсөх нь миний хобби л гэж боддог байлаа. Гэтэл нэг мэдсэн мэргэжил болчихсон байна.
Д.Отгонжаргал: Манай хүн охиноо төрсний дараа л жинхэнэ насаа хэлж байсан. Тухайн үед хэвлэлийнхэн энэ талаар ч их бичнэ. Ер нь өөрсдөө л болж байвал бусад хүний юу гэж хэлэх хамаагүй гэж боддог.
Э.Энхболд: Тийм шүү. Хүн өөрөө л бодохгүй байвал насны зөрүү амьдралд чухал биш. Энэ тал дээр монголчууд маань их хуучинсаг сэтгэлгээтэй юм уу даа. Гэтэл гадны хөгжилтэй орнуудад хувь хүмүүсийн харилцаа арай өөр түвшинд.
Д.Отгонжаргал: Хэрвээ тэр үед насны зөрүүтэй гэж бодоод л байсан бол магадгүй эхнэр, нөхөр болохгүй л байсан байх.
-Одоо бол тоохоо больчихсон биз?
Э.Энхболд: Одоо бол зүгээр ээ. Бид хоёрын хувьд тодорхой хэмжээнд өөр өөрсдийн үүрэг хариуцлагыг ухамсарлаж явдаг. Одоо үед гэр бүлийн салалт их байна. Үүнээс болж хүүхдүүд өнчирч байна. Үеийн залуус, дүү нартаа үлгэр дуурайлал болохыг хичээдэг.
-Дараагийн хүүхдээ төлөвлөж байна уу?
Э.Энхболд: Ярилцаад л... Бид хоёр хуримаа хийгээгүй байгаа.
Д.Отгонжаргал: Өнгөрсөн жил л албан ёсоор бүртгүүлсэн.
Э.Энхболд: Энэ жил хуримаа хийе гэж төлөвлөж байсан ч жил нь болохгүй гээд болчихсон. 2019 ондоо аль алийг нь амжуулна даа.
-Сүйн бөгжтэй биз дээ?
Э.Энхболд: Бөгж байхгүй. Учиргүй туйлшраад ёс ёмбогор, төр төмбөгөр гээд байдаггүй. Хоёр хүн бие биедээ хайртай, бүх зүйл рүү хамтдаа зориод явж байхад тийм байх, ийм байх ёстой гэсэн үзэл бодол чухал биш байх. Бөгжгүй байлаа гээд ганц бие гэсэн утга биш. Яагаад гэхээр бид хоёр чинь тэмээнээс том тэмдэгтэй, тэр нь Индиго угаасаа эхнэртэй залуу, дизайнер Отгонжаргалыг бүх хүн мэддэг.
-Бие биенээ хардах асуудал гарах уу?
Э.Энхболд:Ах нар, дүү нар хэцүү хэцүү. /инээв/ Би ах нарын, манай хүн дүү нарын проблемтой гээд байхгүй юу. /Наргив/
-Гэр бүлээс гадуурхи харилцаа гэр бүлийн салалтын үндсэн шалтгаан болж байна. Ер нь энэ тал дээр та хоёр ямар байр суурьтай байдаг вэ? Бид амьдралыг тааварлашгүй. Магадгүй ийм зүйл нүүр тулахыг үгүйсгэхгүй. Энэ үед ямар шийдвэр гаргах вэ?
Э.Энхболд.Хэцүү асуулт байна. Амьдралд ам гараад хэрэггүй л байх гэж боддог. Амьдрал маш баялаг. Хүн ямар байдалд ороод яаж явахыг хэлж мэдэхгүй. Мэдээж насанд хүрсэн өдий насны хүмүүс аливаа асуудалд нухацтай хандаж, ухамсартай явах хэрэгтэй. Сайн муугаа мэдэлцэж, гэр бүл зохиогоод өөрийн гэсэн үнэт зүйлтэй болчихсон бол үнэт зүйлээ бүү алдаарай л гэж залуустаа хэлмээр байна.
Д.Отгонжаргал: Миний хувьд ийм ёс бус зүйлд дургүй. Анхнаасаа тийм байдлыг үүсгэхгүй байх л хамгийн чухал ш дээ.
-Нөхрийн тань дутагдалтай тал юу вэ?
Д.Отгонжаргал: Төгс хүн гэж байдаггүй хойно дутагдалтай тал байлгүй л яахав. Манай хүн тууштай, зөрүүд зантай, хэтэрхий зарчимч.
Э.Энхболд: Хоёр өөр өөр орчинд өссөн, өөр хүмүүжилтэй хүмүүс гэр бүл болоход үл ойлголцох асуудал гарахыг алийг тэр гэхэв. Тэр бүхэнд бие биенээсээ суралцаад л явдаг.
-Залуу хүмүүс найз нөхөдтэйгээ уулзаж шоудах үе байна л биз?
Д.Отгонжаргал:Тун цөөхөн. Ихэнхдээ хоёулаа завгүй. Ар гэрийн хувьд хэн нь завтай асуудлуудаа зохицуулдаг. Тийм болохоор шоу цэнгээн гэж явах цаг бараг гардаггүй. Бид хоёрын хувьд хамгийн сүүлд шинэ жилээр ажлынхантайгаа ууланд гарсан. Залуу хүн хэтэрхий их ажил гээд явахаас илүү өөртөө цаг гаргаад найз нөхөдтэйгээ гарч орж байх зүгээр гэж сүүлийн үед боддог болчихоод байгаа. Ажил амралт, шоу цэнгээн гээд явах хэрэгтэй юм байна лээ. Залуу хүн залуу байхдаа л сайхан шүү дээ. Хөгширчихөөд ямар шоудаад яваад байлтай биш, бие хаа нь ч дийлэхгүй ш дээ. /инээв/
Э.Энхболд: Сүүлийн хоёр жил шоу цэнгээнд явах зав гараагүй. Сүүлдээ бүр амар, хүмүүс залгахаа ч больсон. Урилга ч ирэх нь багассан. Үнэхээр зарим арга хэмжээнд очъё гэхнээ амждаггүй.
Д.Отгонжаргал: Зарим хүмүүс завгүй байна гэхээр гайхаад байдаг юм. Ажилласаар нэг мэдэхэд л шөнийн 23, 24 цаг болчихсон байдаг. Гэхдээ хамгийн чухал нь үр хүүхдэдээ зав гаргах ёстой. Шоудахын оронд үр хүүхэдтэйгээ хамт байя гэдэг ийм сонголттой болчихдог юм байна лээ.
-Хүүхдүүд нь хэдэн настай вэ?
Д.Отгонжаргал: Манай хүүхдүүд нэг насны л зөрүүтэй. Манай хүү аавтайгаа их адилхан. Аавынх нь багийн зургийг харахаар яг хүү минь байдаг юм.
-Та хэр сайн эзэгтэй вэ?
Д.Отгонжаргал: Сайн гэрийн эзэгтэй гэж хэлэхгүй ээ. Уг нь сайн гэрийн эзэгтэй байх их дуртай, хоол хийх, гэр орноо цэвэрлэх ажлууддаа ер нь сайн шүү. Хурдан ч хийдэг. Цаг зав гарах нь л бага юм даа.
“Өдөр бүр эхнэрээ үнсдэг эрчүүд амжилтад хурдан хүрдэг” гэдэг юм билээ. Та эхнэрээ их үнсдэг бололтой. “Миний эхнэр гоё” гэдэг үгийг ярилцаж байхад хэдэнтээ хэллээ.
Э.Энхболд: Эхнэрээ байнга үнсэнэ. Миний эхнэрийн бүх зүйл нь гоё. Сайн ч гэрийн эзэгтэй. Хоол сайхан хийдэг, халамжтай, ажилсаг ээж.
- Хамгийн их хийх дуртай хоол нь гэвэл?
Д.Отгонжаргал: Хүнтэй суухаар ер нь нөхрийнхөө идэх дуртай хоолнуудыг хийдэг болчихдог юм байна лээ. Нөхөр, хүүхдүүд маханд дуртай, мах их чанадаг. Шпаггети хийдэг, бууз, хуушуур хийдэг. Тийм олон төрлийн хоол хийдэггүй, тогтмол дуртай хоолнуудаа хийгээд л идчихдэг.
-Өдөр тутмынхаа хувцсыг өөрөө хийж өмсдөг үү?
-Д.Отгонжаргал: Хүмүүс надаас энэ талаар байнга асуудаг. Үнэндээ “Загасчны морь усгүй” гэгчээр би айхтар ганган биш ээ. Өөртөө хувцас оёж өмсөх зав бараг байдаггүй.
Ярилцсанд баярлалаа.
Ш.АДЪЯАМАА
Сэтгэгдэл ( 47 )
Saihan hosuuddaa amjiltiin deediig hvseyee. Ehner hvnees er hvnii ugsuh uruudah shaltgaaldag.
nuhur ni asuultand teneg hariult helwel ehner ni uurladag. Hunii ereen dotroo, mogoin ereen gadnaa.
nasnii yalgaa ch bnnaa bna gexdee ter n xend xamaa bxuu amjilt xvsie saixan xosuud bn
nasnii zuruu geed baihaar yum ene 2-oos harin ch haragddagui ee.hoshin shogiin neg emegtei shig ue multarsan huuhedtei amidarch baigaa bish..hen heniigee olson saihan hos,yalanguya ehneriin uhaanaar l iim saihan amidarch baigaa bolov uu.emegtei hunii uhaan er hunii zamiig zasdag..
Ёстой мундаг сайхан гэр бүл байна даа. Өрх гэрээ өөд нь татаад өөрөө хүртэл тавилгаа хийчихдэг гарын дүйтэй ажилсаг, ухаалаг сайхан залуусдаа азжаргалыг л хүсье дээ. Бурхан тэгш бүхнийг заяасан юм чинь чадаж байгаа юманд аргагүй штэ. Ажилч мундаг хосууд байнаа. Амжилт хүсье.
нэг муу загвар өмсөгч л биздээ, гайхуулаад байх юу бсын
Bagshdaa bolon bagshiihaa ger byld n az jargal hysie
Saihan ger bul baina amjilt husie. Mongol ulsiin zaluu ger bul suraltsah zuil ih baina
Мундаг ухаалаг залуус . Амжилт
Exner ni tanaid xonoyogoor garaxiig ni xarj baixad mash daruuxan mundag busgui b.na lee. Odoo tsagt iim busguichuud xovordson shuu dee.
Saihan amidralaa hairlaj yawaa uhaalag zaluus bn.Ehneriin uzesgelen uhaan 2 argaguu mdegdej bn.Nuhur ni anh uuriig ni tooson busguig martahgui amidrah heregtei blov u.
Saihan amidralaa hairlaj yawaa uhaalag zaluus bn.Ehneriin uzesgelen uhaan 2 argaguu mdegdej bn.Nuhur ni anh uuriig ni tooson busguig martahgui amidrah heregtei blov u.
Exnern tsarai muutai bishee xarinch svrxii saixan mundag togs togoldor emegtei shvv.vsee goe urt urguulaarai btii neex targalaarai ulam bvr yldam vzesgelentei bolooroi saixan xvn shvv
Ямар сайхан залуу гэр бүл вэ..та 2-р бахархаж байна..манай залуучууд бүгд ийм ауил хэрэгч,тэмүүлэлтэй,эрч хүчтэй.эвтэй. байгаасай..Амжилт хүсье,
Bagshdaa az jargal husei
az jargal husiyee saihan ger bul bn
hujaa huuhnuud aihtar oo. amidral gdg talaasaa eegii bol zuv l songolt hiij
Сайхан гэр бүл байна
Үнэхээр сайхан гэр бүл байна.аз жаргал хүсье.Харин Отгонжаргал минь таргалаад жаахан жин нэмээд байна уу гүү юу.Таргалж харин ёстой болохгүй шүү.Захих л юм тэр байна.Их хөөрхөн бүсгүй юмаа
Үнэхээр сайхан гэр бүл байна.аз жаргал хүсье.Харин Отгонжаргал минь таргалаад жаахан жин нэмээд байна уу гүү юу.Таргалж харин ёстой болохгүй шүү.Захих л юм тэр байна.Их хөөрхөн бүсгүй юмаа
Nadad ene ger bul taalagdaj bna bas shutlegtei, awayastai buteelch ajilsag bid buhen yag iim ger bul bh estoi yum bn
авгай нь ямар муухай царайтай юм бэ
ярилцлага таалагдлаа, үнэн, шударга, элдэв чимэг зүүлтгүй, ажил амьдралаа болгох гээд л зүтгэж яваа гэр бүл байна. Агуу их хайр амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
Saihan ger buld amjilt
Манай залуучууд ингэж л амьдрах хэрэгтэй.Харин төр засгаас ийм боломжийг тэр болгож олгож ажлын байраар хангах талаас анхаарахгүй байгаа нь харамсалтай
mundag ymaa az jargal huseye
Хөөрхөн хоёр хос вэ? Амжилт хүсье.
Хөөрхөн хоёр хос вэ? Амжилт хүсье.
Сайхан хосууд. Аз жаргал хүсье
az jargal husiii
Гоё хос үлгэр дууриалал авмаар.гэр бүлд нь сайн сайханг хүсье.
Ухаалаг ,сайхан гэр бүл байнаа. Аз жаргал , эрүүл энхийг хүсье.
iim saihan ger buld hundlunguus eldev muu ch ug heleh hun alga bgaa ni tegeed yamar uhaantai humuus bolohyg ni batlah met
Gerleltee batluulaacheeeeee
Bas hoorhon tom yarihiin shkav ugsrhad zurag bol heregtei tosol bol arai tomdo bhaa
Үнэхээр үлгэр дууриалалтай сайхан гэр бүл шүү.Ажилд нь амжилт хүсч,амьдралд нь аз жаргалыг хүсье!