ОХУ-ын алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит 29 дэх удаагийн “Алтан Гранпри” тэмцээн өчигдөр Красноярск хотын “Футбол-Арена Енисей” цогцолборт эхэлсэн.
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жингийн урьдчилсан болон дагах барилдаан болж өндөрлөлөө. Манай улсаас 21 бөх барилдсанаас зургаан тамирчин хүрэл медалийн төлөө хүч үзэж, таван тамирчин медалийн эзэн болов.
Эмэгтэйчүүдийн 55 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт, залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл, оюутны ДАШТ-ий мөнгөн медальт, “Монголиа Опен” ОУТ-ий гурав, Монгол Улсын дөрвөн удаагийн аварга “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг Красноярскын дэвжээнээс эхний өдрийн анхны хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Александр Ниценког 8:0-ээр буулган авснаар өнгөрсөн жил авч чадаагүй медалиа энэ удаа өөрийн болголоо.
Эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд 2016 оны Азийн АШТ болон оюутны ДАШТ-ий хүрэл медальт, “Хангай хайрхан” клубийн тамирчин ОУХМ Зоригтын Болортунгалаг, Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, залуучуудын Азийн аварга “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Энхбаярын Цэвэгмид нар хүрэл медалийн эзэд болцгоов. 65 кг-д найман бөх барилдсан бөгөөд, Э.Цэвэгмид хүрэл медалийн төлөөх барилдаанд 2016 оны Азийн АШТ-ий хүрэл медальт, “Аврагч” спорт хорооны тамирчин, нутаг нэгт ОУХМ Отгонбатын Оюунтуяаг 4:2-оор, З.Болортунгалаг Буриадын Анна Щербаковаг 17:8-аар тус тус ялж медалийн болзол хангасан юм.
Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд энэ жилийн насанд хүрэгчдийн улсын аварга, “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Цэвээнсүрэнгийн Цогбадрах Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-д анх удаа оролцож, хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр хүрлийн төлөөх барилдаанд Туркийн Барис Кайяг 5:1-ээр ялснаар шагналын тавцанд зогсохоор боллоо.
Эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд Азийн АШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн аварга, “Монголиа Опен” ОУТ-ий хошой, улсын гурван удаагийн аварга “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга хүрэл медаль хүртэв. Ингэснээр тэрбээр эхний өдөр Монголын багийн сүүлийн буюу тав дахь медалийн эзэн болж байна. Т.Түвшинтулга Красноярскын дэвжээнд хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Аббас Рахмановыг 5:1-ээр тус тус ялж, “Алтан Гранпри”-гаас анхны медалиа зүүж байна.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
Үхсэн баас. Хүрэл мөдаль өөөндчөөд хөөрөөд байх юу бна
Sain baina bayr hurgie