Ховд, Өвөрхангай аймгуудад “Тогтвортой хөгжил - Ерөнхий боловсрол” зөвлөгөөн эхэллээ

2018 оны 01 сарын 29

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор, БСШУСЯ-аас санаачлан зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөгөөн өнөөдөр Ховд, Өвөрхангай аймгуудад эхэллээ. Ховд аймгийн төвд болж буй зөвлөгөөнд Ховдын ЕБС-ийн багш, ажилчдаас гадна, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн багш, ажилчид, Арвайхээр хотод болж буй зөвлөгөөнд Архангай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Өвөрхангайн багш, ажилчид тус тус оролцож байна.

Зөвлөгөөнд аймгуудын багш нараас гадна БСШУСЯ, Монгол улсын боловсролын их сургууль, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, Нийслэлийн боловсролын газар, Аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Боловсрол, Соёл, Урлагийн газрын төлөөлөл оролцож байна.

Ховдын аймагт болж буй зөвлөгөөнд “Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл” сэдвээр БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн А.Цолмон, “Багшийн цалин хөлсний шинэчлэл” сэдвээр 
БСШУСЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Ж.Ганбаатар, “Хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжил, төлөвшлийн бодлогын чиглэл” сэдвээр
Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Санжаабадам нар илтгэл хэлэлцүүлэх юм.

Харин Арвайхээр хотод болж буй зөвлөгөөнд “Ерөнхий боловсролын тулгамдсан асуудал, бодлогын шинэчлэл” сэдвээр БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг,

Хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжил, төлөвшлийн бодлогын чиглэл” сэдвээр БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ж.Мягмар,

“Суралцагчийн үнэлгээний журмын шинэчлэл, чанарын хяналт, үнэлгээний тогтолцоо” сэдвээр Боловсролын үнэлгээний төвийн Үнэлгээ хөгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гантуяа,

Багшийн цалин хөлсний шинэчлэл” сэдвээр БСШУСЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн А.Мөнх-Оргил нар илтгэл хэлэлцүүлнэ.

Зөвлөгөөнөөр ерөнхий боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх шийдэл, арга замын талаар хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг ЕБС-ийн нийт багш, удирдах ажилтнуудын оролцоотойгоор тодорхойлон салбарын бодлогод тусгаж, хэрэгжүүлэхэд чиглэгдэж буй.  Зөвлөгөөний хүрээнд “Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл”, “Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл”, “Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл”, “Хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжил, төлөвшлийн бодлогын чиглэл” гэсэн дөрвөн салбар хуралдаан зохион байгуулагдана. Ховд, Өвөрхангай аймагт эхэлсэн улсын зөвлөгөөн маргааш өндөрлөнө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top