Манай бөхчүүд Красноярскоос 10 медальтай ирнэ

2018 оны 01 сарын 30

 

“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээн нэгдүгээр сарын 26-28-нд Красноярск хотын “Футбол-Арена Енисей” цогцолборт болсон. 29 дэх удаагийн уламжлалт тэмцээнд ОХУ, Монгол, АНУ, Куба, Япон, Болгар, БНХАУ, БНАСАУ, Грек, Гүрж, Турк, Казахстан, Кыргызстан, Узбекистан, Украин, Тажикистан, Туркменистан, Финланд, Норвеги, Эстони гэсэн 20 орны 300 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөв.

Красноярскийн дэвжээнд манай улсын 60 гаруй тамирчин зодоглосноос нэг алт, нэжгээд мөнгө, найман хүрэл, нийт 10 медальтай эх орондоо ирэхээр болж байна. Чөлөөт бөхийн отгон дэлхийн аварга, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд алтан медаль хүртэж, сүүлийн гурван жил дараалан “Бага дэлхийн аварга”-д “босоо” байлаа.

Image may contain: 7 people, people standing and suit

Эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Энхбатын Гантуяа мөнгө, эрэгтэйчүүдийн 57 кг-д спортын мастер Цэвээнсүрэнгийн Цогбадрах, 61 кг-д ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга, 92 кг-д Лувсандоржийн Төртогтох, 125 кг-д Нацагсүрэнгийн Золбоо, эмэгтэйчүүдийн 55 кг-д Эрхэмбаярын Даваачимэг, 65 кг-д Зоригтын Болортунгалаг, Энхбаярын Цэвэгмид, 72 кг-д гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа нар хүрэл медаль хүртсэн.

ДБНХ (UWW)-ноос энэ жилийн Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гээс эхлэн эрэгтэй бөхчүүдийн дэлхийн чансааг олгохоор болсон юм. Тиймээс эрэгтэйчүүдийн тэмцээн өрсөлдөөнөөр дүүрэн боллоо. Манай эрэгтэйчүүдээс есөн тамирчин энэ жилийн тэмцээнд хүрэл медалийн төлөө барилдаж, дөрөв нь шагналын тавцанд зогссон. Энэ нь 1991 оноос хойш хамгийн их медаль хүртсэн тэмцээн боллоо.

 
Image may contain: 5 people, people standing and shoes

10 жингийн наймд нь зохион байгуулагч орон ОХУ-ын бөхчүүд аваргаллаа. 86 кг-ын жинд АНУ-ын Дэвид Тэйлор тун хүнд барилдаанууд хийж анх удаа аваргалсан. Түүний хувьд өнгөрсөн жилийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнд Ираны алдарт бөх Хассан Язданиг цэвэр ялж бөх сонирхогчдын танил болж байв. Оросуудын өндөр амжилт үзүүлдэг энэ жинд 20 жилийн дараа гадны бөхөд түрүүгээ алдаж байна. Хамгийн сүүлд 1998 онд Македоны Магомед Ибрагимов 85 кг-д аваргалж байжээ. 97 кг-д олимп, дэлхийн аварга Кайл Снайдер Красноярскт хоёр жил дараалан түрүүлэв. Гэхдээ янк эр энэ жил нэлээд хүнд барилдаан хийж аваргаа хамгаалсан.

Image may contain: 7 people, people standing

Эмэгтэйчүүдийн 10 жинд БНХАУ тав, Японы тамирчид гурван жинд аваргаллаа. Үлдсэн хоёр жинд манай гавьяат тамирчин П.Орхон 62 кг-д, АНУ-ын Тамыра Мынса 68 кг-д түрүүлэв. Эзэн орноос энэ жил мөн аварга төрсөнгүй. Эмэгтэйчүүдийн хүнд жинд олимп, ДАШТ-ий медальт, Екатерина Букина сүүлийн найдвар нь байсан ч шигшээд БНХАУ-ын Жоу Киантай барилдаагүй. Хятадын эмэгтэй бөхчүүд Красноярскийн дэвжээнд таван аваргаас гадна хоёр мөнгө, гурван хүрэл медальтай нутаг буцахаар болсон. Нэг тэрбум гаруй хүн амтай нанхиадын бөхчүүд цаашид том тэмцээнүүдэд эмэгтэй бөхөөр дэлхийд тэргүүлэгч гүрэн Японы нядхануудтай хүчтэй өрсөлдөх шинжтэй.

Image may contain: 4 people, people standing

Image may contain: 5 people, people standing

  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top